“АЖЛЫН БАЙРАНД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ НЬ” ХОЛИМОГ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР НЭЭГДЛЭЭ

A- A A+
“АЖЛЫН БАЙРАНД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ НЬ”  ХОЛИМОГ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР НЭЭГДЛЭЭ

Ажлын байранд гарч болох аюул, эрсдлүүдийг таниулах, осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй, өөртөө болон бусдад анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” цахим хичээл Монгол хэлнээ нээгдлээ.

 

Хичээл нь зүрхний шигдээс, түлэгдэх, битүү бэртэх, нүд гэмтэх, цус алдах, химийн болон цахилгааны ослын үед үзүүлэх анхны тусламж, анхны тусламжийн хайрцаг гэсэн 8 модуль, өөрийгөө сорих тестүүдээс бүрдэнэ. Сургалтын агуулгыг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын захиалгаар Австрийн Улаан загалмайн нийгэмлэг боловсруулсан бөгөөд Европын Холбооны санхүүжилтээр НҮБАҮХБ-аас НҮБХХААБ, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн хүрээнд Монгол хэлнээ нутагшуулж бэлтгэлээ. Цахим хичээлийг танхимын сургалттай хослуулан, дадлагын хичээлээр баяжуулж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх ажлыг үндэсний хүмүүнлэгийн байгууллага Монголын улаан загалмай нийгэмлэг хариуцах юм. Төслийн зүгээс холимог сургалтын багшийн гарын авлагыг МУЗН-тэй хамтран боловсруулаад байна.

Сургалтын материалд бодит жишээг гутал, арьс шир боловсруулах үйлдвэрийн орчинд авч үзсэн байгаа ч аливаа осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх арга нь ижил тул сургалтын материалыг ноос, ноолуур, уул уурхай, барилга зэрэг дурын салбарт ашиглах боломжтой. Салбарын онцлогоос хамаарч 8 модулиас хэрэгцээ шаардлагын дагуу сонгон хэрэгжүүлж болох юм. Цахим хичээлийг сонирхсон хүмүүс Интернэтэд холбогдсон суурин болон зөөврийн компьютер, таблет, ухаалаг утас ашиглан хүссэн цагтаа хаанаас ч үзэж судлах боломжтой юм.

Сургалтын хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр \2019 оны 10-р сарын 10-ны өдөр\ МУЗН-ийн Анхны тусламжийн төвд 8:30-11:30 цагт болж  ХХААХҮЯ, ХНХЯ, Европын Холбоо, НҮБАҮХБ, МУЗН, МАШҮХолбоо, арьс шир, гутал, текстил үйлдвэрлэгчдийн төлөөллүүд оролцлоо.

Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон нийтэд осол гэмтлээс сэргийлэх, анхны тусламжийн мэдлэг, чадвар олгох, олон нийтийг гамшиг ослын үед даван туулах чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Монгол улсад  зам тээврийн, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Иймд иргэн бүр анхны тусламжийг ахуйн хүрээнд, ажлын байранд, хаана ч үзүүлэх мэдлэг чадвар, дадал, хандлагатай байснаар амь нас, эрүүл мэнд хохирсон осол гэмтлийг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой.

“Ажлын байранд анхны тусламж үзүүлэх” холимог сургалтыг нэвтрүүлснээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн нийслэл болон орон нутгийн Дунд шатны улаан загалмайн хороод тухайн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагуудад цахим болон танхимын дадлага хичээлийг хослуулан явуулах боломж бүрдэж байна. Эдгээр модулиудыг эзэмшсэнээр ажлын байранд аливаа осол гэмтэлд хүргэж болох аюулгүй байдлын эрсдлүүдийг таньж, гэмтэж бэртсэн хүнд анхны тусламж үзүүлж чаддаг болно” гэж МУЗН-ийн ЕНБД-ын орлогч Т.Баярчимэг ярив.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зүгээс олон улсын стандартад нийцсэн цахим сургалтын агуулга, талбар, хэрэгжүүлэх арга зүйгээр хангаж, МУЗН-тэй хамтран “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” холимог сургалтыг нэвтрүүлснээр үйлдвэрүүдэд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахыг зорьж байна. Сургалтыг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн холбоод, ХАБЭА-н салбар зөвлөлүүд болон аж ахуйн нэгжүүдийн идэвх оролцоо, хамтын ажиллагаа чухал байна” хэмээн төслийн зохицуулагч Г.Мөнхболор онцоллоо.