LIVE: Д.Совд: “Хүннү Эйр” ХХК ослын талаарх бүх баримтыг шат дараалан устгаж байна

A- A A+
LIVE: Д.Совд: “Хүннү Эйр” ХХК ослын талаарх бүх баримтыг шат дараалан устгаж байна

Энэ сарын 13-ны өдрийн 23.25 минутад шилжих шөнийн ээлжинд ажиллаж байсан “Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан О.Мэргэншагай гэх залуу өндрөөс унаж хүнд гэмтсэн осол гарсан. Гэвч энэ ослын талаарх мэдээллийг “Хүннү айр” ХХК-ийнхан тас нууцалж, хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэх, устгах ажлыг шат дараалан хийж байгаа талаарх мэдээллийг О.Мэргэншагайн ах Д.Совд өнөөдөр өглөө.

О.Мэргэншагайн ах Д.Совд:

-Миний дүү Отгонбаатар овогтой Мэргэншагай 2018 онд ШУТИС-ийн Нисэхийн техникчийн ангийг төгссөн. 2018 оны есдүгээр сард “Хүннү Эйр” ХХК-д ажилд орсон. Тэнд яг ямар ажил, албан тушаал хийдэг байсныг би мэдэхгүй. Дүүгийн минь осолтой холбоотой мэдээллийг “Хүннү айр” ХХК болон Иргэний нисэхийн газрынхан шат дараатайгаар нууц, хэргийн нотлох баримтуудыг устгаж байгаа учраас би энэ мэдээллийг хийхээс өөр аргагүй боллоо. Нэмж хэлэхэд намайг дүүгийнхээ төлөө дуугараад эхлэхээр энэ тэндээс намайг элдвээр дарамтлан заналхийлж байгаа.

Тэрхүү осол болсноос хойш 72 цаг өнгөрөөд байхад осол болсон талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас  нэг ч удаа өгөөгүй. Иргэний нисэхийн салбарынхан ингэхэд яг юу хийгээд байгааг ойлгохгүй байна. Миний дүүгийн ажил нисэхийн техникч гэсэн албан тушаалтай байсан. Тэр ажлыг хийж буй хүн ямар чиг үүрэг гүйцэтгэдгийг би мэдэхгүй. Гэхдээ осол яагаад гарсныг тодруулж хэлбэл “Хүннү айр” онгоц аравдугаар сарын 13-ны шөнө 23.00 цагийн үед Чингис хаан нисэх буудалд газардсан юм билээ. Том онгоцнууд Ангарт багтдаггүй учраас хучлагаар хучдаг юм байна. Миний дүү тэр онгоцыг хучиж байх үедээ 23.25 минутад өндрөөс унасан гэдэг мэдээллийг надад өгсөн.

Гэвч миний дүү онгоцноос унасан гэдгийг гэр бүлийнхэн нь шөнө 01.51 цагийн үед мэдсэн. О.Мэргэншагайгийн фэйсбүүкийн найзуудаас нь харж байгаад гэр бүлийнхнийг нь хайж олоод осолдсон гэдгийг хэлсэн байсан. Энэ хэрэг гарснаас хойш гурав хоноод байхад ослын талаарх ямар ч мэдээллийг холбогдох салбарын яам, бусад байгууллагаас нь өгөхгүй нууцалж байгаад гомдолтой байна. Ослын улмаас дүүгийн минь “Гавлын ясны цуурал, хугарал баруунаас чихний уг хүртэл, цус харвалттай, бяцралтай” гэсэн анхны дүгнэлт гарсан бол одоо баруун зүүн тархинд цусны харвалттай, тархины бүх хэсэг гэмтсэн, уушгины хатгаатай, амьсгалын аппаратанд орсон гэдэг сүүлийн онош гарсан.

Фэйсбүүкээр надад маш олон хүн баримт мэдээлэл ирүүлсэн. Чингис хаан онгоцны буудал 24.00 цагийн харуул хамгаалалттай, мөн камерын бичлэгтэй. Би тэр камерын бичлэгийг авъя гэхэд надад өгөөгүй ч гэсэн надад эх сурвалж камерын бичлэгтэй холбоотой мэдээллийг минут секундээр ирүүлсэн. Дүүг минь унасан даруйд автобусанд 23.26 минутад дамжилж оруулсан. 23.28 минутад эмч ослын газар дээр очсон. 23.32 минутад цагдаа хэргийн газарт очоод 23.43 минутад хэргийн газрыг орхин явсан байна. 00.47 минутад түргэн тусламж ирээд авч явсан байсан. Анхны үзлэг хийсэн эмчийн дүгнэлтэд “Хэргийн газарт очиход өвчтөн эрүүл, ил харагдах шархгүй, очиход босч ирсэн байдалтай, толгой эргэсэн” байдалтай байсан гэх маш хуурамч дүгнэлтийг гаргасан байсан. “Хүннү Эйр” ХХК-ийнхан очсон цагдааг чимээгүй болгож, эмчээр хуурамч дүгнэлт гаргуулсан” гэв.