Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив

Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.10.22) хуралдаан 14 цаг 26 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын нэр бүхий 6 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан, М.Оюунчимэг, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар хамтран санаачилж, энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улсын Их Хурал 1996 онд баталсан. Хуулийг хэрэгжүүлсэн хугацаанд бий болсон улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.

Хуулийн төсөлд ШУА-ийн эрх зүйн байдлыг тодотгож, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр томьёолох; Академийн эрх зүйн байдлыг хэт ерөнхий, оновчтой бус тодорхойлсон хуулийн агуулгыг тэлж, ШУА нь судалгаа хөгжүүлэлтийн ажил эрхлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, үндэсний соёл, хэл, түүх, угсаатны зүйн өв уламжлалыг судлах, хамгаалах зорилго бүхий шинжлэх ухааны төрийн төв байгууллага байх; мөн чиг үүрэг нь нэмэгдэж буйтай холбогдуулан Академийн бүтцийн нэгжийг шинэчлэхээр тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА-ийн гишүүдэд академич хэргэм хүртээж буй зохицуулалтыг хуульчлах; үндэсний түүх, хэл, соёл, угсаатны зүй, археологи, палеонтологийн эрдэм шинжилгээний музейг Академийн харьяанд ажиллуулж болохын зэрэгцээ Академийн удирдах дээд байгууллага, бүтцийн нэгжүүдийн чиг үүргийг тодотгож, удирдлагын бүрэн эрхийн хугацааг тусгах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан байна. 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гараагүй тул хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив.

Ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэв

Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хороо хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраа танилцуулга хийсэн юм.

 

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг тус Байнгын хороо энэ оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд тайлангуудыг Байнгын хорооны хуралдаанд бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Ганболд, Н.Номтойбаяр, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар шийдвэрлэжээ. Ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд таван удаа хуралдаж, энэ оны 6 дугаар сард санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төслөө бэлэн болгосон ч Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн учраас Байнгын хороогоор ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлт, шийдвэрийг хэлэлцэж амжилгүй явж иржээ.

Ажлын хэсэг юуны өмнө Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлүүд сангуудын чөлөөт мөнгөн хөрөнгийг үлдэгдлийн харилцах, хадгаламжийн зохистой харьцааг хангаж, үр ашигтай байдлыг дээшлүүлэх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж буйг шалгаж танилцжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл мөнгөн хөрөнгийг арилжааны банканд байршуулахдаа Монголбанкны бодлогын хүү, Төвбанкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү, арилжааны банк хоорондын захын хүү, банкуудын нийтэд зарласан байгууллагын хугацаатай хадгаламжийн хүү болон Монголбанкны саналыг үндэслэн тогтоож ирсэн байна. Тухайлбал, тус сангийн чөлөөт үлдэгдлийг банкуудад хадгаламж хэлбэрээр 2018 оны 1-8 дугаар сар хүртэлх хугацаанд 9-15.4 хувийн хүүтэй хадгалуулжээ. Өнгөрсөн онд тус сангийн 29.5 тэрбум төгрөгийг арилжааны 9 банканд жилийн 9 хувийн хүүтэй байршуулж, нийтдээ 42,077.8 сая төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэйгээр иргэдэд олгосон агаад оны эцсийн байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл 10,581.4 сая төгрөг болсон байна. Улмаар Нийгмийн даатгалын хуримтлалын сангаас 2018 онд арилжааны банканд байршуулах хөрөнгийн дээд хэмжээг 600 тэрбум төгрөгөөр шинэчлэн тогтоож, 548.3 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудтай “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулж хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулжээ.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас өнгөрсөн онд 496 тэрбум төгрөгийг арилжааны 7 банканд 3-12 сарын хугацаатайгаар жилийн 11-14.8 хувийн хүүтэй байршуулж иржээ. Сангийн үндэсний зөвлөл нь сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд байршуулахдаа чөлөөт өрсөлдөөний зарчмыг ханган мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эхлэх тусгай зөвшөөрөлтэй арилжааны бүх банкаас хадгалах мөнгөн дүн, хүүгийн хэмжээний санал авсны үндсэн дээр гэрээ байгуулан хамтран ажилладаг байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдсанаар 2018 оны төсвийн тухай хуулиар хүлээсэн 33.3 тэрбум төгрөгийн орлогыг 8.3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж нийт 47.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлого бүрдүүлжээ.

Гэхдээ Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлүүд нь даатгуулагчдын хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, үр өгөөжтэй байлгах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг ажлын хэсгийн ахлагч санал, дүгнэлтдээ дурдаж байв. Тухайлахад, Нийгмийн даатгалын сангаас хадгаламж хэлбэрээр байршуулсан данснуудаас түүвэр байдлаар шалгахад 2018 онд Монголбанкнаас тавьсан өөрийн хөрөнгийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж чадаагүй Капитал банканд 81.4 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангаж чадаагүй Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 34.3 тэрбум төгрөгийг тус тус хадгаламж хэлбэрээр байршуулсан. Түүнчлэн тухайн нэг банканд байршуулах хадгаламжийн хэмжээг тус банкны активын 15 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг баримталж байгаа боловч энэ нь тухайн банканд байршуулах хадгаламжийн дээд хэмжээний хязгаарлалт болж чадахгүй байна. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг зарцуулах, банканд хадгалах, Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах журмын 4.1.3-т “хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүй байх” гэж заасан нь бусад сангуудын тогтоосон дээд хэмжээнээс 5-15 хувиар илүү байгааг дурдсан байна.

Ажлын хэсэг тус Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, дээрх сангуудын зарцуулалтын талаар хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилтийг шалгахад үндэсний зөвлөл тус бүрд хэрэгжсэн 4, хэрэгжих шатандаа байгаа 1, хэрэгжээгүй 2 арга хэмжээ байна гэж үзжээ. Мөн үндэсний зөвлөлүүдийн 2018 оны төсөв, төсвийн зарцуулалтын байдлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Энэ үндсэн дээр Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх, түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг санаачилсан байна.

Ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, М.Билэгт нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд ажлын хэсгээс боловсруулсан шийдвэрийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, М.Билэгт, Д.Сарангэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд ажлын хэсгээс боловсруулсан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусгаж батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Мөн Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хороо хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаар Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт тодорхой чиглэл өгөхөөр тогтов.

Байнгын хорооны хуралдааны эцэст Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Чинзориг Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, мөн Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн адил агуулга бүхий эдгээр гурван хуулийн төслийг нэгтгэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх санал гаргасныг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.