Авто тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэртэй болно

Авто тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэртэй болно

“Ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх нь” сэдэвт ОУ-ын форумд БОАЖЯ, ЗТХЯ, КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монгол авто ресайкл парк ХХК хамтран зохион байгууллаа. Форумд УИХ, Засгийн газрын төлөөлөгчид, салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын мэргэжилтнүүд нийлсэн 100 орчим төлөөлөгч оролцлоо. Зам, тээврийн салбарт нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлын нэг болох ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг судлах, олон улсын байгууллагуудын туслалцаа, дэмжлэгийг авах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа гадаад, дотоодын төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бодлогын хувьд дэмжин цаашид ч хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлыг албаны хүмүүс ярилаа. Улсын бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь жил тутам техникийн хяналтын үзлэгт хамрагдаж буйгаас харахад үлдэж буй 35 орчим хувь нь ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл гэж үзэж болох юм. Харин ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслээс үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах тухай зохицуулалт, үйлдвэрлэл манай улсад байхгүйн улмаас хаягдал, дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло, хөргөлтийн шингэн гэх мэт хог хаягдал нь агаар, хөрсний бохирдолд шууд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг байсаар байна. Тэгвэл хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Солонгос улсын хөрөнгө оруулалттай “Монгол авто ресаикл парк” ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг 2019 оны 7-р сард байгуулжээ. Ингэснээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр манай улсад ашиглалтаас хасагдсан авто тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах гэсэн чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа юм. Тус төв ашиглалтад орсноор жил бүр ашиглалтаас хасагдаж байгаа  тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан тодорхой үнийн дүнгээр иргэдээс худалдан авч тухайн тээврийн хэрэгслийг бүрэн устгаж, дахин боловсруулах үйл ажиллагаагаа явуулах аж. Цогц үйлчилгээт төвийг “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д барихаар төлвөлөсөн бөгөөд 2020 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Мөн 50 гаруй ажлын байр шинээр бий болгож тухайн бүс нутгаасаа боловсон хүчний нөөцөө бүрдүүлнэ .