Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

A- A A+
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.12) хуралдаан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9.3-т “гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамтаар нэгдсэн хуралдаанд оруулна” хэмээн заасан байдаг.

Төслийн эцсийн хувилбартай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Батнасан, Ж.Батзандан, Д.Оюунхорол нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Орлого, зарлагын хэмжээгээр түүхэн төсөв болсныг Б.Баттөмөр гишүүн хэлээд ирэх оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд олон тооны эрсдэл байгааг санууллаа. Мөн тэрбээр орлогоосоо давсан зарлага төлөвлөөд байгааг анхааруулж, судалгаа хийн төсвийн тэнцвэрийг зөв олох шаардлагатай талаар санал хэлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төсвийн төсөлтэй холбоотой шүүмжлэлтэй байр суурь илэрхийлээд, Завхан, Увс, Улаанбаатарт баригдах цэцэрлэгийн төсөвт өртгийн зөрүүг шүүмжлэв. Мөн төсвийн зарим ерөнхийлөн захирагч нарын өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын зарцуулалт тодорхойгүй байгааг тодруулах, задаргаатай нь танилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Д.Оюунхорол, Ж.Батзандан нар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн. 2018 оноос эхлэн нэмэгдүүлсээр өнөөдрийн байдлаар 3 хувиар нэмэгдүүлээд байгаа бөгөөд ирэх оны эхээр дахин хоёр хувь нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид болон хөдөлмөр эрхлэгчдэд хүндээр тусч буй нөхцөл байдлын талаар хэлэв. 

Ийнхүү Байнгын хороо Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс