ГЕРМАНД АДОЛЬФ ГИТЛЕРЫН ЭД ЗҮЙЛСИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА

A- A A+
ГЕРМАНД АДОЛЬФ ГИТЛЕРЫН ЭД ЗҮЙЛСИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА

Германд нацистын удирдагч Адольф Гитлер болон түүний эхнэр Ева Браун нарын эдэлж хэрэглэж явсан хувийн эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулж байна. Тэгвэл Гитлерын эд зүйлсийг үнэ хаялцуулан зарж байгаа нь Европ дахь еврейн нийгэмлэгийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Германд дуудлага худалдаагаар оруулан зарах гэж байгаа эд зүйлсийн дотор Гитлерын цилиндр хэлбэртэй бүрх малгай, мөнгөлөг хавтас бүхий “Майн Кампф” нэртэй намтар, Ева Брауны хар өнгийн гоёлын даашинз, мөн түүний нэрийн тамга тэмдэг зэрэг олон эд зүйлс багтаж байна. Гитлерын эд зүйлсийг Мюнхенд байрлах Hermann Historica дуудлага худалдааны ордон үнэ хаялцуулан зарж байгаа юм.

Европын еврейн нийгэмлэгийн тэргүүн, раввин Менахем Марголин мянга мянган хүний цус шингэсэн эд зүйлсийг олон нийтэд сурталчлан, үнэ хаялцуулан зарж борлуулж байгааг эсэргүүцсэн байна. Нийтдээ Мюнхений дуудлага худалдаагаар Адольф Гитлер болон Ева Браун нарын 147 нэгж эд зүйлсийг худалдахаар дэлгэн тавьжээ. Тэдгээрийн дотор Гитлерын хувийн захидал сэлт, мөнгөн портсигар, Мюнхенд байшин түрээслэх гэрээ гэхчлэн янз бүрийн эд зүйлс байгаа юм.