Япон улсын Үндэсний архивын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Япон улсын Үндэсний архивын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

 

Архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт хамтран ажиллахаар АЕГ-ын дарга С.Энхбаатар, Япон улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Като Такэо нар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Япон улсын Токио хотноо санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагаанд Олон улсын архивын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Сейлис Антеа, мөн зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Сангмин Лии, Япон улс болон Монголын архивын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт харилцан туршлага солилцох, хоёр орны түүх, соёлд холбогдох архивын баримт материалыг судлах, судлаачдад туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох зэрэг ажлыг хийнэ.

Талууд хамтран ажиллах талаар 6 жилийн өмнө анх санаачилга гарч, энэ онд бодитоор хэрэгжиж, архивын байгууллагууд хамтран ажиллахаар болсонд баяртай байгаагаа ноён Като Такэо илэрхийлж, санамж бичгээр харилцан тохиролцсон ажлууд үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэж байна гэв.

Эх сурвалж: Архивын ерөнхий газар