Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл өргөн барилаа

A- A A+
Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл өргөн барилаа

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Батболдтой хамтран боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн барилаа.

Улсын Их Хурлаас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн юм.

Түүнчлэн 2018 онд УИХ-аас баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд шинээр “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн зохицуулалт нэмж тусгагдсан.

Мөн Монголбанкнаас Азийн хөгжлийн банктай хамтран 2017 онд “Санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдлыг дэмжих” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох “Санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь” дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн болон зохицуулалтын өнөөгийн тогтолцоо ба түүнийг шинэчлэх талаарх зөвлөмж” гаргасан байна.

Хууль, хөтөлбөрийн эдгээр шаардлага,  зөвлөмжтэй уялдуулан хуулийн төслийг боловсруулсан байна. Хэрэглэгч-санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх мэдлийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг бууруулж, тэнцвэртэй байдал хангагдсанаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийг төдийгүй хэрэглэгчийг хамгаалах боломж бүрдэх юм. Түүнчлэн санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа нь санхүүгийн зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, хэрэглэгчийг санхүүгийн үйлчилгээнээс ашиг тус хүртэх, сайн мэдлэг, мэдээлэл олж авснаар бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгох боломж бүрдүүлэх, салбарын итгэлцлийг дээшлүүлэх, эрүүл, өрсөлдөөнт зах зээлийг бий болгоход энэхүү хуулийн ач холбогдол оршино гэж төсөл санаачлагчид үзэж байна. 

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс