Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

A- A A+
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцуулсан юм.

Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Ганболд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Л.Энхболд, С.Эрдэнэ нар ажилласан байна. Энэ удаагийн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн зорилго нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилготой хэдий ч сүүлийн үед иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтуудыг оновчтой, тодорхой болгох, түүнчлэн биеэ үнэлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, илт худал мэдээллийг тараах зэрэг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхаар өөрчлөлтийг оруулжээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл үйлдсэн бол 12-20 жил хүртэл, эсвэл бүх насаар нь шийтгэдэг байх өөрчлөлтийг тусгажээ.

Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд Улсын Их Хурлаас баталсан зарим хуульд зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх тодорхой зохицуулалтгүй байсныг шийдвэрлэх, зөрчлийн зарим хариуцлагыг тодорхой болгох саналыг оруулсан байна. Ажлын хэсэг төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 88 саналын томъёолол, найруулгын шинжтэй багцалсан 7 санал, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаарх 11 саналыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил, Ж.Батзандан, Ц.Гарамжав нар асуулт асууж, зарим асуудлаар ажлын дэд хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй саналын 8 томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлж, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болов.