Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

A- A A+
Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийн талаар хэлэлцэв. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ болгож өөрчилжээ. Хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 улс гишүүнээр нэгдээд байгаа аж.

Хэлэлцээрийн хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлт нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улс хоорондын экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлт олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизмыг бий болгох чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж. Одоогийн байдлаар хэлэлцээрт оролцогч улс орнууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээгээр 10 мянга гаруй бараа, бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээсэн байна.

Манай улс уг хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж ирсэн бөгөөд Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан. Үүний дагуу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа, бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч үндэсний хөнгөлөлтийн жагсаалт гарган 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг хуулл санаачлагч илтгэлдээ дурдав.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64,7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Иймээс уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа энэ үед эхний ээлжинд хөнгөлөлттэй тарифыг хэрэглэж, үр дүнд суурилсан шийдвэр гаргахад таатай боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд онцлов.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс