Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

A- A A+
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

 

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан.

Монгол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нараас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хийсэн. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс тодорхой санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, нэгдсэн хуралдаанд оруулан анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр асуулт асууж, тодруулга хийсний дараа санал хураалт явууллаа. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар дээрх хууль батлагдав.