Зам, тээврийн хөгжлийн яамны гадна хүний амь хөнөөсөн Б.Махбалыг өнөөдөр шүүнэ

A- A A+
Зам, тээврийн хөгжлийн яамны гадна хүний амь хөнөөсөн Б.Махбалыг өнөөдөр шүүнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан.

Уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж байсан юм. Улмаар нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хурал нийт долоон удаа хойшлогдсон уг хурал арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хуралд хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхардсан тул ирэх боломжгүй, мөн уг шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн юм.

Иймд шүүх хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр 14:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гараад байна.