Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

A- A A+
Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Засгийн газрын хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд зээл авч, банкны хүү нэмж төлсөөр ядууралд өртдөг, өдөр тутмын зайлшгүй хэрэгцээгээ хангаж чадахгүй учир дахин зээл авч “өрийн цагирагт” орон, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад ордог гэж үзжээ. Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг Салхитын ордоос олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төлөвлөсөн байна. Салхитын орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд цэвэр ашиг нь 1050.4 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоо гарчээ. Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох төлөвтэй байна. Хуулийн төслөөр бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зээл авсан иргэдийн зээлийг тэглэх юм. Тэтгэвэр авагч нь зээлээ төлж байх үедээ нас барсан бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх үлдэгдлийг нь барагдуулахаар тусгажээ. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь доод хэмжээ буюу 270-310 мянган төгрөг авч байна.

Экологийн цагдаагийн алба байгуулав

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийг нэгтгэн Экологийн цагдаагийн алба байгуулав. Энэ алба хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ. Мөн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын ажиллагааг шуурхай удирдлага, зохицуулалтаар, алба хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар, дээд шатны байгууллага, албан тушаалтныг бодит мэдээ, мэдээллээр хангах зэрэг үүрэг хүлээжээ.  УИХ хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиглэлээр ажиллах 170 хүний орон тоо болон шаардагдах зардлыг баталсан юм.

Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоног сунгах нь зүйтэй гэж үзэв. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар их гэсэн үг юм. Тандалтаас үзвэл иргэдийн дунд томуугийн В вирус давамгайлж байгаа бөгөөд богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 92 хувь нь 16 хүртэлх, үүнээс 85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. Томуу, томуу төст өвчин нийслэлд 15 хувьд хүрээгүй, орны ачаалал бага зэрэг буурч байгаа ч хичээл эхлэх үед В вирусын хоруу чанар нэмэгдэж, уушигны хатгааны өвчлөл, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яам үзжээ. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их, дэгдэлтийн түвшинд хүрчээ. Архангай_ Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт 15.6-26.6 хувьтай байна.  Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар шийдвэр гарган цэцэрлэгийг түр хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хоригложээ.

Энэ жил сайжруулсан шахмал түлшний нэг үйлдвэр барина

Нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих талаар сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ.  Барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхэлж эхний ээлжийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үйлдвэр наймдугаар сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ондоо багтаан 303 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх юм.

14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгов

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал, дүгнэлтийг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Үүнд:

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Тэргүүн трейд” ХХК    Спирт

- Баян-Өлгий аймаг  “Азык” ХХК  Архи

- Дархан-Уул  аймаг  “Дарханмоунтайнс” ХХК  Архи

- Төв аймаг  “Хүнс төв” ХХК  Архи

- Сэлэнгэ аймаг  “Сэлэнгэ шим” ХХК  Архи

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Бенедакт” ХХК  Архи

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Трансинкосульт” ХХК  Архи

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Энигма” ХХК  Архи

- Говь-Алтай аймаг  “Ентүм” ХХК  Архи

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Түшиг тулга трейд” ХХК  Архи

- Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Ази инвестмент капитал групп” ХХК   Шар айраг

- Улаанбаатар. Чингэлтэй дүүрэг  “Мини макро” ХХК    Шар айраг

-- Улаанбаатар. Хан-Уул дүүрэг  “Интер стандарт брьюри” ХХК Шар айраг 

- Завхан аймаг  “Завхан баялаг” ХХК Шар айраг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 2019 оны 03 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 25-ны хооронд шалгалт хийсэн байна. Үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан зэрэг үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргалаа. Мөн хүсэлтийг нь харгалзан “Мөнх болор” ХХК-ийн Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Баянгол дүүрэгт үйлдвэрлэх зөвшөөрөл олгов.

Товч мэдээ

-  Бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болгох, зээлийн өрийн дарамтаас хараат бус байлгах зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулна. Компани нь төрийн хяналтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

-  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан “Мичидтраст”, “Эх жаргалан трейд” компанийн тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Дээрх аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн байна.

-  Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцалсан талбайн хяналт, хамгаалалтыг орон нутаг хариуцах болсон. Үүнтэй холбогдуулан хяналтын постын зориулалттай, хүйтний улиралд ашиглаж болох тоноглолтой явуулын чиргүүл худалдан авах хөрөнгийг шийдэхийг сайд Н.Цэрэнбатад, хууль бусаар алт олборлохыг таслан зогсоох ажлаа эрчимжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт даалгав.  

-  “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-д “Жил бүр тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин, шилдэг уран бүтээлч төрөл тус бүрт нэг хүнийг шалгаруулна” гэсэн өөрчлөлт оруулав. Засгийн газар өнгөрсөн 11 жилийн хугацаанд шилдэгээр шалгарсан 77 уран бүтээлчид 231 сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ.