ИРАНД ОСОЛДСОН ОНГОЦНЫ ХАР ХАЙРЦГИЙГ ОЛЖ ШИНЖИЛГЭЭНД ИЛГЭЭЖЭЭ

A- A A+
ИРАНД ОСОЛДСОН ОНГОЦНЫ ХАР ХАЙРЦГИЙГ ОЛЖ ШИНЖИЛГЭЭНД ИЛГЭЭЖЭЭ

Иранд осолдсон Украины иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоцны ослын шалтгаан нөхцлийг тогтоох ажил үргэлжилж байна. Тегеран-Киев чиглэлд нислэг үйлдэхээр Ираны Имам Хомейнигийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас хөөрсөн онгоц өндрөө аваад удалгүй унаж осолдсон юм. Ослын улмаас багийн 9 гишүүн, мөн зорчигчид нийлсэн 176 хүн амиа алдсан юм. Онгоцонд нийтдээ 7 улс орны иргэд явжээ. 

Украины агаарын нислэгийн компанийн зорчигч тээврийн онгоц орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 7 цагийн алдад нисэх буудлаас хөөрч, улмаар Тегеран хотоос баруун өмнөд хэсэгт, газраас 2,400 метрийн өндрөөс тал газарт унасан байна. Зорчигч тээврийн онгоцны ослоор нийтдээ 176 хүн амиа алдсаны дийлэнх нь буюу 82 нь Ираны иргэд байснаас гадна Канадын 63, Украины 11, Шведын 10, Афганистаны 4, Британийн 3, Германы 3 иргэн байгаа юм. Онгоц осолдсон газарт аврагчид болон шинжээчид ажиллаж байна. Ираны Улаан загалмайн хорооны тэргүүний мэдээлснээр ийм ослоос амьд үлдэх ямар ч боломжгүй байжээ. Осолдсон Боинг 737-800 онгоц нь 2016 оны 6-р сард анхныхаа нислэгийг үйлдсэн, агаарын тээвэрт ердөө 3 жил хагас болж байгаа, Украинд Америкийн Боинг компаниас шууд нийлүүлсэн шинэ онгоц байжээ. Түүнчлэн нисэх багийн гишүүдийн хувьд маш олон цагийн нислэгтэй, шилдэг, чадварлаг баг онгоцыг жолоодож явсан гэнэ. Ираны нийслэл Тегеран хотоос Украины Киев хот руу 4 цаг орчим нисдэг байна. Тэгвэл хоёр улсын хооронд нислэг үйлдэж яваад сүйрсэн онгоцны багийнхан энэ чиглэлд олон удаагийн нислэг үйлдэж байсан, туршлагатай, гаршсан баг байжээ. Шинжээчид ослын газраас онгоцны хар хайрцгийг олж шинжилгээнд илгээгээд байна. Онгоцыг гадны ямар нэгэн нөлөөгүйгээр, техникийн учир шалтгаанаар осолдсон гэж тооцож байна. Украины онгоц Иран, Америкийн харилцаа хурцдаж, бүс нутагт нөхцөл байдал хурцадсан үйл явдалтай цаг хугацааны хувьд давхацсан нь онгоц техникийн шалтгаанаар биш магадгүй гадны өөр нөлөө, хүчин зүйлийн улмаас осолдсон байж болох таамгийг дэвшүүлэхэд хүргээд байсан юм. Украины иргэний агаарын тээврийн компанийн онгоц Иранд осолдсон явдлын дараагаар Singapore Airlines, Qantas, China Southern Airlines, Lufthansa, Malaysia Airlines зэрэг агаарын тээврийн компаниуд Ойрхи Дорнодын чиглэлд нислэгээ түр хугацаагаар зогсоожээ.