Австралийн Виктория мужид онцгой байдал зарлажээ

A- A A+
Австралийн Виктория мужид онцгой байдал зарлажээ

Австралийн Виктория мужид дахин онцгой байдал зарлажээ. Учир нь энэ мужийн нутагт дахин гал түймрийн аюул гамшиг нүүрлэж, түймрийн голомт сэргэн асч эхэлсэн байна. Түймрийн улмаас Виктория мужид бараг сая гаруй га ойн бүс шатаж, 3 хүн амиа алдсан юм. 

Тэгвэл Австрали тивд нүүрлэсэн гамшигт үзэгдлийн улмаас нийтдээ 26 хүн амиа алдсан. Тэдний 4 нь ажил үүргээ гүйцэтгэж явсан гал сөнөөгчид юм. Цаг уурчдын мэдээлж байгаагаар Виктория мужид баасан гарагаас эхлэн дахин халж эхлэн, салхины хүч эрс нэмэгджээ. Австралийн Виктория мужийн захирагч Дэниэл Эндрюс ард иргэддээ хандан сэрэмжлүүлэг хийж, цаг агаарын байдал өөрчлөгдөж хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа учраас түймрийг унтраах үйл явцад ихээхэн хүндрэл тулгарч болзошгүй байгааг анхааруулжээ. Өнөөдрийн байдлаар Виктория мужийн нутаг дэвсгэр дээр 23 томоохон түймэр асч байна. Түүнчлэн Шинэ Өмнөд Уэльс болон Виктория мужийн нутагт 150 гаруй түймрийн голомт бүртгэгдээд байна. Австралид хэсэг зуур сэрүүсч, бороо орсон хэдий ч баасан гарагаас эхлэн агаарын температур дахин 40 градусаас дээшээ халах төлөвтэй байна.