АН мөнгөөр, МАН зарчмаар өрсөлдөнө гэв үү?

A- A A+
АН мөнгөөр, МАН зарчмаар өрсөлдөнө гэв үү?

 

Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчиддээ 80-100 сая төгрөгийн дэнчин төлөх шаардлага тавьсан нь тус намын гишүүдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Гэвч тус намын дарга С.Эрдэнийн “Мөнгөгүй л бол мэдлэг боловсролоор улс төрд хол явахгүй” гэсэн үзэл санааг намынхан нь хэдийнэ дэмжиж эхэлсэн бололтой.

 Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар дээрх хэмжээний мөнгө төлж сонгуульд нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлсэн горилогчид цөөнгүй байгаа гэнэ.

Цаашлаад 100 саяыг төлчихөөд УИХ-д гарч чадахгүй бол АН-аас улс төрийн дэмжлэг үзүүлж нийслэл, орон нутгийн сонгуульд дэвших болон улс төрийн албан тушаалд томилох тохироо хийгдэж байгаа тухай  “бор шувуу” улс төрийн хүрээнийхэн дунд хэдийнэ нисээд эхэлжээ.

 Эндээс цагтаа эрх баригч намын 60 тэрбумын хэрэг буюу албан тушаал наймаалцах схем задарч олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан үйл явдал өдгөө АН-д илүү өргөн цар хүрээтэй албан тушаалын наймаа өрнөх нь гэж хардаж болохоор байгаа юм.

Тэгвэл МАН-ын удирдлагууд яг үүний эсрэг шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлж эхэллээ.

Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан намынхандаа УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэхдээ тэднээс ямар нэгэн дэнчин татаас авахгүй. Харин нэр дэвшигчдыг ёсзүйн шалгуур, холбогдох судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Хэрэв горилогчид  хууль зөрчсөн хандив дэмжлэгийг бусдаас авбал сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авна хэмээн хатуухан анхааруулав.

Үүн дээр нэмээд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нам ялсан ч хандив өгсөн хэмжээгээр нь ажил, албан тушаалд томилдог байдлыг таслан зогсооно” гэж мэдэгдэв.

МАН, АН ер нь аль ч намд хэн мөнгөтэй нь нэр дэвших эрхээ авдаг, явбал хэн илүү төлсөн нь албан тушаалд томилогддог бичигдээгүй хууль манайд үйлчилдэг нь нууц биш.

Хэрэв эрх баригч нам сонуульд зориулж, олон нийтийг хуураагүй л бол мөнгөгүй ч боловсролтой, зарчимтай залууст боломж олдоно гэсэн үг юм.

Тэгэхээр сонгуулийн шоу юу, үнэхээр МАН-ын удирдлагуудын барих зарчим нь байх уу гэдгийг харах л үлдлээ.

Т:Хэрлэн