"Цагаан сар"-аар бөхийн барилдаан болохгүй

A- A A+

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтыг болиулах эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ танилцуулж байна.

Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: “Засгийн газрын 30 дугаар газрын тогтоолоор шаардлагатай арга хэмжээ авах хөрөнгийн хэмжээг баталсан.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх халуун цэгүүдэд ажиллаж байгаа ажилтнуудад хэрэглэх, нэг удаагийн хэрэгсэл, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар болсон.

Голомтын бүсээс ирж бйгаа хүмүүсийг тусгай байранд байлгаж шинж тэмдгийн үе өнгөрсний дараа  гэр лүү нь явуулах чиглэлэээр боломжийг судална.

Санхүүжилтийг бид Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Монгол иргэдийн тээвэрлэлтийн асуудлыг бид шийдвэрлээд явж байгаа. БНХАУ зөвшөөрлөө өгсөн даруйд авчирна. Бүх зардлыг Засгийн газраас шийдвэрлэнэ.

Цагаан сараар хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Энэ нь өнөөдрийн байгаа нөхцөлд халдвар дамжуулах нөхцөл үүсэж магадгүй гэж үзэж байгаа. Гэхдээ шууд хорьж хаах нь хэцүү. Учир нь Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Иймд аль болох гэр бүлийнхээ хүрээнд золголтыг хийж, хамт олон албан байгууллагын хүрээнд тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна.

Гуравдугаар сарын 02-ныг хүртэл бүх үйл ажиллагаа хориглосон учир бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Хилээр орж, гарч байгаа зорчигчдод судалгаа хийж зөвлөмж өгч, асуумж авч байна” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусын халдвар авсан тохиолдол одоогоор 7711, эдгэрсэн 128 хүн байна. Нийт 18 оронд коронавирусын халдвар оношлогдсон.

Манай улсад сэжигтэй 50 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Бид одоогоор халдвар тархсан тохиолдолд бэлэн байдлыг ханган ажиллаж байна. ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй. Мөн бид БНХАУ-аас 2,000-3,000 дахин авахаар ярилцаж байна. Одоогоор манай улс халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орсон байгаа.

Хилээр нэвтэрч буй бүх иргэдээсээ асуумж авч байгаа бөгөөд халуурсан, толгой эргэсэн гэх мэт зовуурьтай бол шууд тусгаарлаж байгаа.

Монгол Улс нэг маскны үйлдвэртэй бөгөөд энэ үйлдвэр нь Хубэй мужаас түүхий эдээ авдаг. Одоогоор түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа. Хятад улс өөрөө маскны хомсдолд орсон. ЖДҮ-ийнхэн маск хийж байгаа гэх сайн мэдээллийг өглөө.

ДЭМБ-аас бидэнд санал тавьсан нь халдвараас урьдчилан сэргийлэх болоод орж ирсэн нөхцөлд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай зүйлсэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцана.

Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд 100 мянган хамгаалах хэрэгслийг төсвийн хөрөнгөөр шийдсэн. Хэрвээ халдвар илэрсэн тохиолдолд 11134 ор байгаагаас 2195-ыг коронавирусын халдварын үед ашиглаж болохоор байна.

Хилээр орж гарч байгаа иргэдэд онцгой анхаарч байна. Хэрвээ сайн ажиллаж чадвал халдвараас сэргийлэх боломжтой." гэв.