БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ” УРИАЛГА ГАРГАЛАА

A- A A+
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ” УРИАЛГА ГАРГАЛАА

“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ” УРИАЛГА

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “Үндэсний үйлдвэрээ дэмжицгээе”гэсэн уриалгыг Монгол улсын төр, төрийн байгууллага, хувийн хэвшил болон нийт ард түмэндээ гаргаж байна. Монгол Улсаа хөгжүүлж, эх орноо худалдааны эдийн засгаас үйлдвэрийн эдийн засаг руу, импортлогч орноос эх орондоо үйлдвэрлэгч, цаашлаад экспортлогч орон болоход  аж үйлдвэрлэлийн салбар, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг ард иргэд, байгууллагууд худалдан авч, хөрөнгө оруулалтаар дэмжих хэрэгтэй. Эдийн засгаа төрөлжүүлж, шинэ технологи, инновацид  суурилсан хөнгөн болон хүнд аж үйлдвэрийн салбараа өргөжүүлэн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, ажилгүйдэл ядуурлыг арилгаж, үйлдвэрлэл хөгжсөн орон болохын төлөө ард иргэд бид бүхэн Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, хэвших үзэл санааг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна. Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан боловч томоохон үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ 2017 онд төрийн худалдан авалт 47,0 тэрбум ₮ байсныг бодоход нааштай ахиц гарсан байх гэж итгэж байна. Төрийн худалдан авалтыг сайжруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуульд нэмэлт өөрчлөлт орж, дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд давуу эрх олгох, Жижиг дунд үйлдвэр эрхлэгч бол шууд гэрээгээр худалдан авах зэрэг боломжуудыг нээж өгсөн нь Баялаг бүтээгч, Үндэсний үйлдвэрлэгч  нарт томоохон дэмжлэг болсон. МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Г.Ариунбаатар, дуучин Г.Эрдэнэчимэг, Э.Одонтунгалаг нарын хамтран дуулсан “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ” дуу Баялаг бүтээгчдийн сүлд дуу болсон бөгөөд ард иргэдийг Эх оронч худалдан авалтыг уриалан дуудсан сайхан уран бүтээл билээ. Монгол улсын Аж үйлдвэрийн салбарын сэргэн мандалт ирж байгаа энэ цаг үед ард иргэд Та бүхэн эх орныхоо  хөгжил дэвшил, ирээдүйн төлөө Монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эх орноосоо худалдан авалт хийхийг олон нийт, ард иргэддээ “ Үндэсний үйлдвэрээ дэмжицгээе” гэж уриалж байна. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР- МОНГОЛЫН БАЯЛАГ “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” ТББ