Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 96 хувийн биелэлттэй байна

A- A A+
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 96 хувийн биелэлттэй байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаарх мэдээллийг өглөө. Тус асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.

Засгийн газрын 2016 оны 121 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр нийт 230 арга хэмжээ тусгагдсан байна. Нийслэлд хэрэгжүүлэхээр туссан 176 арга хэмжээний хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны 30 байгууллага холбогдох яамтай хамтран хэрэгжүүлж ажиллажээ. НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Хэрэгжүүлж байгаа нийт арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн биелэлт 96,5 хувьтай буюу үр дүнтэй үнэлгээтэй байна. Нутгийн захиргааны байгууллагуудын тайлан мэдээ тоо баримт зөрүүтэй үнэлгээ хийхгүйгээс судалгаанд үндэслээгүй, нотлох баримтан дээр тулгуурлаагүй шаардлага хангахгүй тайланг өгсөн. Тиймээс хэрэгжилтийн явц удаашралтай байгаа арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох яамтай ажлын уялдаагаа сайжруулж ажиллах шаардлагатай байна” гэлээ. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариуцан хэрэгжүүлэх 31 арга хэмжээнээс 18 арга хэмжээг 100 хувийн биелэлттэй, найман арга хэмжээг 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдсан юм.

Зөвлөлийн гишүүдийн зүгээс төлөвлөгөөт ажлын хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн,  тайлан мэдээг дутуу өгч хариуцлагагүй хандсан зарим  нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцдог болох талаар санал хэлж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зарим нутгийн захиргааны удирдлагууд хэт их хэлбэр хөөж, ёс төдий ажлыг хийхээ болих хэрэгтэй. Улсын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд нутгийн захиргааны удирдлагуудын санаачилга дутаж байна. Тиймээс онц байдал зарласан үед гадаад дотоод аялж амарч байгаа дарга нараас эхлээд ажилтан албан хаагчдад хариуцлага тооцохыг Засаг даргын Тамгын газрын дарга анхаар” гэв. Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон үед багш нар уртасгасан цагаар ажиллаж байгааг таслан зогсоохыг Боловсролын газар, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг Захирагчийн ажлын алба, хүүхэд залуучуудад теле хичээл орж байх үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг таниулах, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, эгр бүлийн хүчирхийлэлд өртөхгүй байх бүх талын ажлыг зохион байгуулахыг  Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт тус тус үүрэг болголоо.

 НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс