Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 107 жилийн ой тохиож байна

A- A A+
Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 107 жилийн ой тохиож байна

Монгол оронд 107 жилийн өмнөх энэ өдөр үндэсний анхны хэвлэл “Шинэ толь” сонин бичиг хэвлэгдэн гарч байв. Тиймээс энэ өдрийг Монголын тогтмол хэвлэлийн өдөр, үндэсний сэтгүүлзүй үүссэн ойн өдөр хэмээн тэмдэглэдэг. Монголд анхны хэвлэх үйлдвэрийн шавыг тавьж, Судар бичгийн хүрээлэнг байгуулан, түүх, угсаатны зүйн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Буриад Монголын их номын хүн Жамсраны Цэвээн Монголын анхны сонин "Шинэ толь"-ийг эрхлэн гаргасан юм. Тэрээр мөн 1909 оноос эхлэн Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” сонины идэвхтэн сурвалжлагчаар ажиллаж байв.

Түүний хийсэн хамгийн гол зүйл бол 1913 оны 3 дугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сониныг анхны дугаараас нь эрхлэн гаргаж Монголын сэтгүүл зүйн түүхийг эхлүүлжээ. ”Эрдэм сурахад эрхэмлэх дэвтэр” буюу шинжлэх ухааны суртал нэвтрүүлэг хийх сэтгүүл маягтай гарсан энэ хэвлэл 5 дахь дугаараасаа сонины хэлбэртэй болж, нийгэм улс төрийн амьдралыг тусгаж эхэлжээ. Ж.Цэвээн нь мөн 1915 оны 9 дүгээр сараас “Нийслэл хүрээний сонин бичиг” сониныг эрхэлжээ. Тэрээр Ардын хувьсгалын дараа О.Жамъяангийн хамт шинэ Монгол улсын шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэнг 1922 онд байгуулалцаж байв. Ардын хувьсгалын дараагаар “Ардын эрх”, “Монголын үнэн”, “Үнэн” сонинд хувьсгалын зорилт, улс орны аж ахуй, соёл боловсролыг хөгжүүлэх, байгаль хамгаалах сэдвээр олон өгүүлэл, нийтлэл бичжээ.

Эх сурвалж: Монцамэ