Зам тээврийн ослоор бэртсэн хүн 70 гаруй хувиар нэмэгджээ

A- A A+
Зам тээврийн ослоор бэртсэн хүн 70 гаруй хувиар нэмэгджээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 486 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 14 хүн бэртэж, орон нутгийн замд хоёр хүний амь хохирчээ. 

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 7-ны 15.30 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг “Зүүн балган” гэх газар шороон замд "Dayun" загварын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 60настай эрэгтэйн амь хохирсон. Мөн тухайн өдрийн 17.30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг “Цав хангай” гэх газар засмал замд "Toyota LandCruiser-200" загварын автомашин онхолдож, зорчигч 46настай эмэгтэйн амь хохирч, 53 настай эрэгтэй, 8-70 насны гурван эмэгтэй, жолооч 44 настай эрэгтэй нарын таван хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.

 

Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолооч илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан долоон зөрчил бүртгэгджээ. 

 

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 59.6 хувиар, зам тээврийн осол 61.4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 71.4 хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин нэмэгдсэн байна.  

 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба анхааруулж байна.