НОК: Зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд өнөөдрөөс ХЭВИЙН АЖИЛЛАНА

A- A A+
НОК: Зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд өнөөдрөөс ХЭВИЙН АЖИЛЛАНА
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр зарим төрлийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07:00 цаг хүртэл түр зогсоосон бөгөөд энэхүү хязгаарлалт үргэлжлэхгүй гэдгийг мэдээллээ. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлээд зах, худалдааны төвүүд, барааны дэлгүүрүүд, засварын газрууд, ТҮЦ, үсчин гоо сайхан зэрэг үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллахаар болж байна. Нийслэлийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд халдваргүйжүүлэлт, ариутгал, цэвэрлэгээ хийхийн тулд ийнхүү хязгаарлалт тогтоогоод байсан бөгөөд эдгээрийг хийсэн гэж үзсэн тул өнөөдөр хуралдаж, сунгах эсэх талаар хэлэлцээгүй гэв. НОК-ын шийдвэрээр үйл ажиллагааг нь хаагаад байсан газрууд:
  • Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр
  • Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
  • Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ
  • Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
  • Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
  • Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд