Дөрөвдүгээр сарын 1-нээс ХБНГУ, БНСУ, Японоос иргэдээ татна

A- A A+
Дөрөвдүгээр сарын 1-нээс ХБНГУ, БНСУ, Японоос иргэдээ татна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгийн мэдээлснээр УОК-ын Шуурхай штабынхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт  ажиллаж, тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэхэд анхаарчээ. Дээрх аймгуудад энэ сарын 24-25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан бол 51 иргэнийг ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу ажиглалтаас гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах ажиллагаанд нислэгийн багт ХӨСҮТ ,МХЕГ-ын байцаагч нар, холбогдох эмч мэргэжилтнүүдийг томилонажиллуулах шийдвэрийг гаргажээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байгаа аж.

ТУСГААРЛАХ БАЙРУУДААС 11 ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙНА

МХЕГ-ын мэдээлснээр ЭМЯ-тай хамтран өнөөдрийн байдлаар 7242 ор бүхий 106 объктод  хяналт тавьжээ. "Өнөөдрийн байдлаар 1804 хүн ажиглалтад байна. Цаашид тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа" гэв. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Улаанбаатар хотод долоон зочид буудал, амралт сувиллын газруудад тусгаарлаж,  ЭМЯ-тай хамтран хяналт тавьж зөвлөмж хүргүүлжээ. Хяналт шалгалтаар нийт 11 зөрчил илэрсэн байна. Зочид буудлын менежер, гал тогооны ажилчид  хамгаалалтын маскгүй, зохион байгуулах менежментийн ажилтангүй зэрэг зөрчил илэрчээ. Баян-Өлгий аймгийн тусгаарлах байрны эрчим хүч тасалдсан. Тиймээс эрчим хүчээр хангах бэлтгэл байдлыг хангуулахаар ДЦС-ын 148 байгууллагад хяналт тавьж 245 сая төгрөгийн зөрчлийг арилгуулсан байна. Хилийн боомтуудаар нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зөвлөмжийн наалт нааж байна гэв. Гашуун сухайт боомтоор гурван аж ахуй нэгжийн 70 автомашин хилээр нэвтрэх шаардлага хангасан байна. МХЕГ-аас ариутгал халдваргүйжүүлэлтийг хил, гаалийн системээр зохион байгуулж байна.

ТУСГААРЛАГДАЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ АЖЛААС НЬ ХАЛАХ ЁСГҮЙ

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэхдээ "Замын-Үүдийн боомтоор 30 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Хил дээрээс татан авах ажиллагаанд халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдөр БНХАУ-аас оношлуур амны хаалт өгөхөөр болсон. Тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоног үргэлжлүүлэн гэртээ байх нь шаардлага тавьсан. Өвдсөн бол 28 хоног гэртээ тусгаарлагдана. Аж ахуйн нэгж, төрийн байгууллага ажлыг зохицуулахад анхаараарай. Аль болох гэрт нь байлгах талаар анхаараарай. Мөн тусгаарлагдсан иргэдийг аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын удирдлагууд ажил төрлөөс халах ёсгүй. Ийм гомдол мэдээлэл ирж байна. Шаардлагатай үед нь тодорхойлолт өгч байгаа" гэв.