Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

A- A A+
Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Тандалт гэдэг нь улсын хэмжээнд уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авсан юм.

Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Ойрын хавьтал болох 10 хүнийг нь тусгаарлан тандалт шинжилгээ хийж, эмчийн хяналт тавьж байна" гэв.

Үргэлжлүүлэн "Энэ хоёр тохиолдол нь гуравдугаар сарын 28-ны өдөр БНСУ-аас өөрийн иргэдээ авахаар Монголд ирсэн тусгай үүргийн онгоцонд зорчиж ирсэн.

Тухайн онгоцоор Туркийн Элчин сайдын ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Энэ нь Монгол Улсын хууль, тогтоомжид бий бөгөөд Элчинд сайдын ар гэр нь монгол иргэдийн адил дипломат ёсоор ирэх ёстой.

Ирэхэд нь тусгаарласан. Үйлчилсэн хүмүүст ч зөвлөгөө өгч тусгаарлаж байсан. Бид эхэндээ гурав хоногийн дараа шинжилгээ авч, шинж тэмдэг илрээгүй ч лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрсэн.

Бид үргэлжлүүлэн эмчилгээ,  хяналт хийнэ. Энэ хоёр тохиолдлыг хяналтын шинжилгээгээр илрүүллээ. Тусгаарлалтад байх дүрмийн дагуу байсан учраас хяналтад байгаа гэж ойлгож болно.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 221 хүн хяналт, тандалтад байна" гэсэн мэдээллийг өглөө.

Монгол Улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдэж байна. Өмнө нь илэрсэн 12 тохиолдлын хоёр нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа билээ.