"Японд ирэхээсээ 14 хоногийн өмнө Ази, Европын 49 улс, бүс нутагт зорчсон гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй"

A- A A+

Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас (японы орон нутгийн цагаар) "Цагаачлалын хяналтын тухай хууль" -ийн 5 дугаар зүйлийн 1.14-дүгээр заалтын дагуу Япон Улсад ирэхээс өмнө дараах 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийн Япон Улсын хилээр зорчих хөдөлгөөнийг хориглов. Үүнд:

*Албани, Армени, Израил, Индонез, Британи, Эквадор, Египет, Австрали, Канад, БНСУ, Умард Македон, Кипр, Грек, Хорват, Косово, Конго, Кот д’Ивуар, Сингапур, Словак, Серби, Тайланд, Тайвань, Чех, БНХАУ (Хонг Конг, Макао), Чили, Доминика, Турк, Шинэ Зеланд, Панама, Унгар, Бахрейн, Филиппин, Финланд, Бразил, Болгар, Бруней, АНУ, Вьетнам, Босни-Херцеговин, Боливи, Польш, Малайз, Молдова, Марокко, Монтенегро, Маврики, Латви, Литва, Румын.

Японы орон нутгийн цагаар 2020 оны 3 дугаар сарын 27-ны 00:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хилээр нэвтрэхийг хориглосон Европын 21 улс (Ирланд, Андорра, Итали, Эстон, Австри, Нидерланд, Швейцар, Швед, Испани, Словени, Дани, Герман, Норвеги, Ватикан, Франц, Бельги, Португаль, Мальт, Монако, Лихтенштейн, Люксембург) болон Иран улс.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас дэлхийн нийт улс орноос Япон Улсад зорчих дотоодын болон гадаадын иргэдийг Хорио цээрийн албанаас тусгайлан заасан газарт 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлаж, хөл хорионд байх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоод буй. Уг хязгаарлалт 2020 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд хугацааг дахин сунгах магадлалтай буй.

Дэлхийн бүхий л улсуудад суугаа Япон Улсын ЭСЯ эсхүл ЕКГ-аас 4 дүгээр сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон нэг удаагийн болон олон удаагийн “виз”-ийг хүчингүй болгов.

Мөн Япон Улсад визээс чөлөөлөх тохиролцооны дагуу визээс чөлөөлөгдөх эрх бүхий гадаадын иргэдийг Япон Улсад визгүй зорчих эрхийг 2020 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл цуцлав.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам