УИХ-ын гишүүд таван танхимаас чуулганы нээлтэд цахимаар оролцов

A- A A+
УИХ-ын гишүүд таван танхимаас чуулганы нээлтэд цахимаар оролцов

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна. УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад тогтоосон зай хэмжээнд тодорхой тоогоор хуваагдан сууж чуулганы нээлтэд цахимаар оролцлоо. УИХ-ын даргын захирамжийнн дагуу  өмнө нь хуралдааны А танхимыг “Эзэн Чингис хаан” танхим, Б танхимыг “Жанжин Д.Сүхбаатар” танхим хэмээн нэрлэдэг байсан бол хаврын чуулганаас эхлээд чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг “Их хуралдай” танхим, хуралдааны Г танхимыг “Их засаг” танхим, хуралдааны В танхимыг “Үндсэн хууль” танхим тус тус гэж нэрлэхээр болжээ. Хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд эдгээр таван танхимаас нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож байх юм. Мөн Байнгын, дэд, түр хорооны хуралдаан, нээлттэй сонсгол, хэлэлцүүлгүүд дөрвөн танхимд хуваарийн дагуу болно.

 

Хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хүрэлцэн ирсэн бол Үндсэн хуулийн цэцийн дарга болоод УИХ-аас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд цахимаар оролцов.

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.  Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа дэлхийн болон Монголын парламентын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд эхэлж байгааг онцлов. Коронавирусийн цар тахал дэлхийн 211 улсад тархаж халдварласан хүний тоо 1.2 саяыг давж, 70 шахам мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхисныг онцлоод Монгол Улсын төр, засгаас өвчний  халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр оновчтой, шуурхай шийдвэрийг цаг алдалгүй гарган, хэрэгжүүлж, ард иргэд маань төрийн шийдвэр, иргэний үүргээ нэн хариуцлагатай, ёсчлон биелүүлж байгаад талархал илэрхийллээ. Мөн тэрбээр, энэ онцгой цаг үед ҮАБЗ, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нягт хамтран ажиллаж, шуурхай шийдлүүдийг гаргасаар ирсэн. Чуулганы завсарлагааны үеэр парламент тасралтгүй ажиллалж байгааг дурдахын зэрэгцээ ажлын үр дүн ч гарсан гэв. Хүнсний хангамжид доголдол үүссэнгүй. Маск, ариутгалын бодисын үйлдвэрлэл, хангамж нэмэгдлээ. Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулж, 65 мянган иргэдийн ипотекийн зээлийн төлбөрийг гурван сараар хөнгөлж, хойшлуулах шийдвэр гаргалаа. Заавал байлгах нөөц, активын ангиллын журмуудыг хөнгөлж, чөлөөлсөн багц арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Зорилтот бүлгийн зээл, хүүгийн хугацааг хойшлуулах, тохируулга өөрчлөлт хийхээр  шийдвэрлэсэн гэж байлаа. Аюулт вирус хэчнээн хүнд халдварлахыг, дэгдэлт нь хэр удаан үргэлжлэхийг, ямар хэмжээний хор хөнөөл учруулахыг хэн ч хэлж мэдэхгүй байгааг тодотгоод УИХ, Засгийн газар шинжлэх ухааны судалгаа дүгнэлт, технологийн дэвшил гол хүчин зүйл болсон энэ цаг үед асуудлыг гурван хувилбар буюу гурван өрнөлд судалж, тооцоолж, төлөвлөж ажиллаж байгааг УИХ-ын арга хэлсэн үгэндээ онцлов. Түүнчлэн тэрбээр, хаврын чуулганаар Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” олон чухал хуулийг эрэмбэ дараатайгаар хэлэлцэн баталснаар бүрэн зураглал нь гарах юм. Үр дүнд нь шударга, хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй, иргэнээ дээдэлсэн Монгол төр төгөлдөрших ёстой гэлээ. УИХ-ын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, хүн төрөлхтөн коронавирустэй дайн зарлаад байна. “Гадна талд дайн дэгдэхэд дотоодод хүч нэгтгэгддэг” гэдэг үг байдгийг сануулаад монголчууд бид улс төрийн хийрхэл, талцлаас татгалзаж, эв санааны нэгдлийг эрхэмлэж, хүчээ нэгтгэх цаг ирснийг онцлов. Ийм учраас төрийн эрх барих дээд байгууллага УИХ энэ хаврын чуулганаараа эв санаа, ойлголцол зөвшилцөл, ёс суртахууны дэвшил гаргах үйлсийг манлайлж, үлгэр жишээ үзүүлж, нэгдэн хамтарч ажиллахыг уриаллаа. Дараа нь Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

 

Тэрбээр хэлсэн үгэндээ, титэмт вирусийн халдварт тахлаас нефтийн үнэ унаж, санхүүгийн зах зээл хямарч, ажилгүйдэл эрс өсч байгаа нь улс орнуудын Засгийн газруудад хүнээ, иргэдээ эрсдэл багатайгаар даван туулахад анхаарахыг сануулж байгааг онцлоод манай улсын хувьд  одоогоор 10 мянга орчим хүн ажлын байраа алдаад байгааг мэдэгдэв.

Төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг уриалахын зэрэгцээ улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан тэвчиж болох бүх зардлыг танах, өвчний тархалтыг хязгаарлах, УИХ-ын сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүсч байгааг тодотгоод титэмт вирусийн халдварыг хяналтаас гаргаж, тархалтыг нэмэгдүүлбэл эрүүл мэндийн салбар нуран унах аюултайг онцгойлон анхааруулав. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдана.   Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс