Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчинд барилга-инженер, кибер аюулгүй байдлыг хангах шаардлага, нөхцөл бүрдсэн

A- A A+
Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчинд барилга-инженер, кибер аюулгүй байдлыг хангах шаардлага, нөхцөл бүрдсэн

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяртай ярилцлаа.

 - Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, хэрэгцээ, шаардлагын талаар Та мэдээлэл өгнө үү?

Зэвсэгт хүчний тухай хуулиар Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг гэсэн хоёр төрлийн цэргээс бүрддэг. Өргөн барьсан хуулийн төсөлд Зэвсэгт хүчний бүтцэд шинэ төрлийн цэрэг болох Барилга-инженерийн цэргийг байгуулах, түүнээс гадна кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэгжийг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг тусгаад байна. Сүүлийн жилүүдэд төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг Зэвсэгт хүчний анги, байгууллага, цэргийн алба хаагчид гүйцэтгэсэн. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын автозамын төсөл болон “Халх гол” сумын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж дуусгалаа. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих ажлыг хийж байна. Дээр дурдсан ажлын үзүүлэлт, үр дүнгээр улс орны стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнтэй, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног, төхөөрөмжөөр хангагдсан, зохион байгуулалттай хүч хэрэгслээр хийж гүйцэтгэх нь өндөр үр дүнтэй болохыг төр, засгийн удирдлага анхааран үзэж, Зэвсэгт хүчний бүтцэд ийм чиглэлийн төрлийн цэрэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Төрлийн цэрэг гэж хуулиар тогтоосон чиг үүргийг бие дааж, эсхүл бусад төрлийн цэрэгтэй хамтран гүйцэтгэх зориулалт бүхий Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хэсэг хэмээн хуульчлан тодорхойлсон байдаг. Эдгээр байдлыг бодолцон барилга-инженерийн цэргийг байгуулах эрх зүйн зохицуулалтыг нь хийх юм. Энэхүү хууль гарснаар Зэвсэгт хүчнийг чадваржуулах, цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах, тодорхой мөнгөн хуримтлалтай болох зэрэг ач холбогдолтой. Дэлхийн улс, гүрнүүдийн Зэвсэгт хүчинд ч барилгын, барилга-инженерийн, төмөр замын, зам-гүүрийн гэх мэт тайван цагт улс орныхоо бүтээн байгуулалтад оролцдог төрлийн цэрэгтэй байх нийтлэг жишиг байдаг. Барилга-инженерийн цэргийн үндэс суурийг тавих ажил 2010 оноос эхэлж, Засгийн газрын шийдвэрээр Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн ангиудыг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. ЗХЖШ-ын бүтцэд Бүтээн байгуулалтын ажил хариуцсан газар байгуулж ажиллаад эхэлсэн. Үүний боломж чадавхийг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох үүднээс төрлийн цэрэг болгож байгаа юм.

- Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэрэг бүтээн байгуулалтад оролцохоос гадна ямар чиг үүрэгтэй байх талаар тодруулбал?

Барилга-инженерийн цэрэг нь зөвхөн улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох үүрэгтэй гэж ойлговол өрөөсгөл ойлголт болно. Энэхүү төрлийн цэргийн хүлээх үүргийн талаар дэлгэрэнгүй яръя. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Энэ үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бэлтгэлийг тайван цагт хангадаг. Энэ хүрээнд болзошгүй түрэмгийллийг няцаахад улс орныг бэлтгэх гэсэн томоохон арга хэмжээг Зэвсэгт хүчин хэрэгжүүлдэг. Ялангуяа өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд тайван цагт нутаг дэвсгэрээ бэлтгэх, оперативын төхөөрөмжлөлийн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг Барилга-инженерийн цэргийн үндсэн үүрэг байх юм. Үүнээс гадна улсын онц чухал обьект, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, дайны болон гамшгийн дараахь сэргээн босгох ажилд оролцох, хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зэрэг өргөн цар хүрээтэй үүргийг хүлээх юм.

- Хуульд орсон бас нэг асуудал нь кибер аюулгүй байдлыг хангах, түүнийг хэрэгжүүлэх нэгжийг Монгол Улсын Зэвсэгт хүчинд байгуулах талаар та дээр дурдсан. Энэхүү асуудлыг хуульд тусгах ямар хэрэгцээ, шаардлага байгаа вэ?

- Нэгдүгээрт: Дэлхийн кибер орон зайн аюулгүй байдал үндсэндээ алдагдаж, улс орнуудын аюулгүй байдалд шууд утгаараа заналхийлж байна. Дэлхий дахинд үйлдэгдсэн кибер халдлагын улмаас жилд дунджаар 2 их наяд ам долларын эдийн засгийн хохирол учирч байна. Халдлагыг нягтлан шинжилж үзвэл 80 орчим хувь нь гэмт хэргийн, эдийн засгийн сэдэлтэй байхад үлдсэн 20 орчим хувь нь улс төрийн зорилготой үйлдэгдэж байна. Дэлхийн улс орнууд олон хэмжээст ертөнцийн 5 дахь орон зай болсон кибер орон зайг хамгаалах хүчнийг Зэвсэгт хүчиндээ байгуулж, асар их төсөв, хөрөнгө зарцуулж байна. Би зөвхөн ойрын 2 жишээг дурдая. 2019 онд АНУ 15 тэрбум, БНХАУ 7.3 тэрбум ам долларын хөрөнгийг кибер цэрэгтээ зарцуулаад байна. Манай улс шиг жижиг орнууд кибер цэргийг байгуулах, бүрдүүлэх чиглэлд том гүрнүүдээс дутахгүй анхаарч байна. Жишээлбэл, Эстони улс  1,3 сая хүн амтай жижиг улс хэдий ч НАТО-гийн кибер аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бие даасан кибер командлалтай, 300 орчим кибер цэрэгтэй улс болоод байгаа нь томоохон Зэвсэгт хүчинтэй улсуудыг ч энэ чиглэлээр ардаа орхиод байна. Афганистан, Бангладеш, Танзани зэрэг орнууд хүртэл кибер цэрэгтэй 67 улсын жагсаалтад багтжээ. Иймд орчин үеийн техник технологийн хөгжилд суурилсан “шинэ” дэлхий ертөнцөд аюулгүй оршин тогтнох үндэс суурийг бэхжүүлэх, кибер орон зайн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ, шаардлага өдөр тутам, маш хурдацтайгаар тавигдаж байна. Хоёрдугаарт: Манай улс мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээгээрээ өндөр боловч кибер орон зайгаа хамгаалах тал дээр олон арван жилээр хоцорч байна. Монгол Улсад бүртгэгдэж байгаа кибер халдлагыг нэгтгэсэн гадны байгууллагын статистик дүн мэдээг харахад дэлхийн дунджаас даруй 8 дахин их байна. Бид өөрсдөө энэ тоог нэгтгэж гаргах чадамжгүй. Товчоор хэлэхэд манай улсад кибер орон зайг хамгаалах төрийн тогтолцоо үгүйлэгдэж байна. Тэр тусмаа батлан хамгаалах салбарт. Улс орны кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт ард иргэд, хувь хүн, төрийн болон хууль, хүчний байгууллагууд шат шатандаа өөр өөрсдийн үндсэн чиг үүргийн хүрээнд оролцох боломжоор хангагдсан байхаар энэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай юм. Монгол Улсын кибер орон зайг батлан хамгаалах төрийн тогтолцоог “Кибер аюулгүй байдлын тухай” анхдагч хуулийг баталж мөрдөх, “Зэвсэгт хүчний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бүрдүүлэх боломжтой. Ийм учраас Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар кибер аюулгүй байдлыг хангах нэгжийг Зэвсэгт хүчний бүтцэд байгуулах, улс орон, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, кибер батлан хамгаалах тогтолцооны цаашдын хөгжлийг хангах чухал ач холбогдолтой юм.