УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ХЭҮК өнгөрсөн хугацаанд сайн ажилласныг дурдаад цаашид ч шинэ хуулийн дагуу ажил нь сайжирна гэдгийг хэлж байлаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү үүрэггүй ХЭҮК-ыг татан буулгах нь зүйтэй гэсэн санал хэлж байв. Улмаар санал хураалт явуулахад ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

















