Долоо хоногийн тойм

A- A A+
Долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж, бичил цэцэрлэг байгуулж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэг байгуулах ажлын явцыг шалгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж, олон нийтийн эзэмшилд авч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж тохижуулах үүргийг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 12 байршилд газар чөлөөлөлт хийж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Чингэлтэй дхорооны Дипломат 95-р байрны хойд талын байрнуудын дунд олон жил барилгын суурь ухагдаж орхигдсон 2000 метр квадрат тус талбайг ийнхүү чөлөөлж олон нийтийн эзэмшил болгож тохижуулж буй нь энэ юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард бичил цэцэрлэг байгуулах ажил эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 1 нд ашиглалтад ороход бэлэн хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс мэдээлэл өглөө.

Эдийн засгийг сэргээх зорилгоор зарим байгууллагын үйл ажиллагааг нээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд хуурайшилтын улирлын энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Барилга байгууламж дуусаагүй байхад барилгыг хүлээж авдаг, тохижилт, үйлчилгээ нь болоогүй байхад худалдан борлуулдаг, иргэд байраа хүлээж авсны дараагаар ашиглалтын шаардлага хангахгүй байдаг явдалд хяналт тавьж ажиллаж байгааг нийслэлийн Засаг дарга хэлэв. Түүнчлэн шаардлага хангаагүй барилгыг ашиглалтад хүлээж авснаас үүдэн иргэд хохирол хүлээсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллага барагдуулдаг байх асуудалд анхаарч ажиллаж байна. Мөн хотын Захирагч хэлэхдээ “Орон сууцны хороолол дундах хүүхдийн талбай, авто зогсоол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, орц, гарцны асуудлыг нийтлэг байдлаар шийдвэрлэхэд онцгой анхаарч байгаа. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв 5 орц, гарцтай байх ёстой атал саяхныг хүртэл ганцхан гарцтай байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж, эхнээсээ орц, гарцыг нэмэгдүүлсэн. Мөн нарны гүүрний орц, гарцын асуудлыг шийдвэрлээд ажиллаж байна” хэмээсэн юм. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барилга барьсан 97 аж ахуйн нэгж бий. Зөвшөөрөлгүй газар барилга барьсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоос илүүтэй зөвшөөрөл олгосон албан тушаалтанд хариуцлага тооцно. Коронавирусын халдварын үед, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг харгалзан үзэж  нэг удаадаа үйл ажиллагааг нь хууль журмын хүрээнд явуулах, бичиг баримтыг нь цэгцлэх боломжийг нь бүрдүүлнэ. Харин цаашид нийслэл хотод зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж бариулахгүй байхад анхаарч ажиллана гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцгойлон анхаарууллаа.

Ковид-19 халдварт цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулна

Цаг үеийн асуудлаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс болон нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хангуулан ажиллаж байна. НБОГ, НОБГ, НЦУГ, Тээврийн цагдаагийн алба хамтран хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр 103 чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд бид ногоон бүст аялал зугаалгаар явж байгаа 251 иргэн, 89 автомашины аюулгүй байдлыг хангуулан уулнаас буулгах арга хэмжээг авлаа. Дөрөвдүгээр сарын 10-наас 27-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүст гарсан гал түймрийн нөхцөл байдлыг товч танилцуулья. Энэ хугацаанд ой хээрийн дөрвөн удаагийн түймэр, шар өвсний 122 дуудлагаар ажилласан байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд хаврын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрийн нэн аюултай энэ үед ногоон бүст аялал зугаалгаар явахгүй, ил гал түлэхгүй байх, зайлшгүй тохиолдолд асаасан галаа бүрэн унтраадаг байх арга хэмжээг авахыг хүсч байна” гэв. Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Харин зөвхөн тавдугаар сарын 07-ны өдрийн өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хориглоно. Энэ үед иргэд хөл хорионд орж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж оролцох ёстой. Иргэд тодорхой бэлтгэл бэлэн байдлаа хангаж, ажил үүргээ зохицуулан идэвхтэй оролцохыг уриалж байна гэдгийг Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар онцолж хэлсэн юм.

Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо

Дэлхий дахинд аюулт цар тахлын хэмжээнд хүрч 213 улс бүс нутагт дэлгэрч, 3.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 230 гаруй мянган хүний амь насанд хүрсэн COVID19 буюу шинэ коронавирусын халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 1 сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж,  Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоох, Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг 4 сарын 30-ны өдрийг хүртэл мөрдөн хэрэгжүүлэх А/436 дугаар захирамжийг өмнө нь гаргаж байсан. Тэгвэл өмнө гарсан дээрх  захирамжийн хуулийн үйлчлэл өнөөдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  А/590 дүгээр захирамж гаргажээ. Захирамжид өмнөх захирамжийг үйлчлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байгааг дурьдсаны зэрэгцээгээр  улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, түүнд ажиллагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор, мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр заажээ. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурьджээ. Ингэснээр баар, караоке зэрэг байгууллага 00:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа юм.

24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулахаар болсон талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням нар цахимаар мэдээлэл хийлээ.Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/889 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Нийслэлийн хүн амын махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулах, 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2020 оны тавдугаар сарын 02-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдаа /хонь, ямааны мах/-г зохион байгуулна.“Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааны явц, махны борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах боломжтой аж. Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулах юм байна.

Автозам засварын үеэрх хөдөлгөөн зохицуулалттай танилцана уу

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын хотын төврүү чиглэлийн авто замын зорчих хэсгийн эгнээнд дулааны шугам, зам засварын ажил хийх болсонтой холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авто замын зорчих хэсгийг хэсэгчлэн хааж, цагдаагийн зохицуулалтаар тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулна.Иймд дээрх авто замаар нэг урсгалаар сөрөг хөдөлгөөнөөр тээврийн хэрэгслүүдийг цагдаагийн зохицуулалт хийж хөдөлгөөнд оролцуулах болсныг мэдэгдэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс