БНСУ-ын Засгийн газраас КОВИД-19 коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуур хандивлав

A- A A+
БНСУ-ын Засгийн газраас КОВИД-19 коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуур хандивлав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас КОВИД-19 коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуурыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ли Ё-Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов. Эдгээр оношлуурыг хүлээн авах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл КОВИД-19 коронавирүсын халдвар дэлхийн 215 улс орон, нутаг дэвсгэрийг хамарч, 3.6 сая хүн өвчилж, 251 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарч, өдөрт шинээр 70-100 мянган хүн халдвар авч байгааг мэдээлэхийн зэрэгцээ коронавирусын халдварын тархалтыг тогтоох, яаралтай болон тандалт судалгаааны зорилгоор ашиглахад нэн шаардлагатай БНСУ-ын SD Biosensor үйлдвэрлэгчийн түргэвчилсэн оношлуурыг Монгол Улсад хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаад талархал илэрхийлэв.

Элчин сайд Ли Ё-Хун хэлэхдээ БНСУ-ын Засгийн газраас нийт 250,000 ам.долларын өртөг бүхий оношлуурыг Монгол Улсын Засгийн газарт олгох бөгөөд эхний ээлжинд 30,000 удаагийн түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа нь дэлхий нийтэд хурдацтай тархаж буй КОВИД-19 коронавирусын халдварыг хамтдаа туулах Солонгосын ард иргэдийн сэтгэл шингэсэн дэмжлэг туслалцаа болохыг тэмдэглэн хэллээ.

Мөн тэрээр энэ онд Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа ба өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас коронавирусын халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд нь үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв.