Энэтхэгийн Дели хот руу энэ сарын 18-нд тусгай үүргийн нислэг хийнэ

A- A A+
Энэтхэгийн Дели хот руу энэ сарын 18-нд тусгай үүргийн нислэг хийнэ

УОК тавдугаар сарын 11-нд хуралдаж Энэтхэг улс руу тусгай үүргийн хоёр нислэг үйлдэх өмнөх шийдвэрээ баталгаажууллаа. Тусгай нислэгийг “МИАТ” компани энэ сарын 18-нд Шинэ Дели, мөн сарын 30-ны хавьцаа Гоа руу үйлдэхээр тогтсон байна хэмээн Энэтхэг дэхь ЭСЯ-ны цахим хуудаснаа мэдээллээ. 

Тусгай үүргийн нислэгт Гоа-аас зорчих бага насны 128 ламхай, тэдний асран халамжлагч нар болон Хубли, Гоад суралцдаг хоёр иргэнээс бусад 162 хүн энэ сарын 18-ны өдөр Шинэ Делид ирсэн байх шаардлагатай гэв. 

Энэтхэг улсад цар тахлын халдвар буураагүй, хөл хорионы дэглэм үйлчилж байгаа тул дотоодын тээвэр, эрүүл мэндийн шинжилгээ зэргийг нэгдсэн байдлаар зохион байгуулах боломжгүй юм байна. Гэсэн хэдий ч эх орондоо буцах хүсэлт өгсөн иргэдийг “СOVID19”-ийн шинжилгээ хийлгэж баталгаажуулсан байхыг ЭСЯ-наас сануулж буй юм. 

"Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийг Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргүүлсэн. МИАТ компанитай харьцах, ямар дансанд тийзийн төлбөрийг шилжүүлэх талаар мэдэгдмэгц жич мэдээлэх болно. Тиймээс дор бүрнээ МИАТ компанитай холбоо барьж тийзийн үнийг шилжүүлэх, суудлын захиалга хийхэд анхаарах хэрэгтэй. Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудлын чухам аль зогсоолоос тусгай үүргийн онгоц хөөрөх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тухайн үед мэдэгдэнэ" гэж Энэтхэг дэх ЭСЯ өөрийн цахим хуудаснаа бичжээ.  

Эх сурвалж: Шинэ Дели хот дахь Элчин сайдын яам