ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ТРАЯН ЛАУРЕНЦЮ ХРИСТЕАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ТРАЯН ЛАУРЕНЦЮ ХРИСТЕАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр /2020.05.14/ Европын холбооноос Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Траян  Христеаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах талаар төрийн бүхий л шатанд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа дуулгаж, энэ ондоо багтан тус жагсаалтаас гарахаар зорьж байгаа талаар дурьдав. Мөн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө. 

Ноён Траян Христеа энэ үеэр Европын холбоо нь гуравдагч орнуудыг өнгөөр ялгасан “хар, саарал жагсаалт” гаргадаггүй, харин мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт гэж гаргадаг болохыг онцолсон. Европын комисс Монгол Улсыг энэ жагсаалтад оруулах шийдвэр гаргасан хэдий ч, энэ нь Европын парламентаар хэлэлцэгдэх бөгөөд хэрэв батлагдах тохиолдолд ирэх 10 дугаар сараас эхлэн хэрэгжинэ. Гэхдээ энэ жагсаалтад орох тохиолдолд Европын холбооноос Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй, зөвхөн мөнгөн гүйлгээнд харилцагчийг таньж мэдэх хяналт сайжрах талаар мэдээлэл солилцов. Цаашид Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр, холбогдох санхүүжилт, тэдгээрийн хэрэгжилт цаашид хэвийн үргэлжлэх талаар ярилцлаа. Түүнчлэн мөнгө угаах үйл ажиллагаатай холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, энэ хүрээнд техник туслалцаа үзүүлэх тал дээр дэмжихээ илэрхийлэв.