Хэнтий аймагт 160 айлын гэр, хашаа усанд автжээ

A- A A+
Хэнтий аймагт 160 айлын гэр, хашаа усанд автжээ

Хэнтий аймгийн Хэрлэн суманд их хэмжээний бороо орсны улмаас өчигдрийн байдлаар 160 айлын гэр, хашаа, байшин усанд автжээ. 

 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тухайн аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдуулжээ.

 

Тодруулбал, зургаадугаар сарын 24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж үер болсны улмаас өчигдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдрийн 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Харгуй” ХХК-ийн ажилтнууд сэргээн босгохоор ажиллаж байна. Өчигдрийн байдлаар 160 айл өрхийн байшин, гэр, хашаа болон 5 орон сууцны зоорийн давхар усанд автсан.

Тус сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн дотуур байранд 180 ортой байрыг бэлдэж, 13 айл өрхийн 32 хүн (үүнээс 8 хүүхэд) түр байрлуулаад байна. Тус өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тухайн аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдуулсан.

Эх сурвалж: ОБЕГ