МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН 9 БАЙГУУЛЛАГА ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАЖ АВЛАА

A- A A+
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН 9 БАЙГУУЛЛАГА ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАЖ АВЛАА

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл /БМИҮЗ/ нь 1999 оноос дээд боловсролын байгууллагын, 2004 оноос дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн, 2005 оноос мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага болон хөтөлбөрийн, 2019 оноос ерөнхий боловсролын сургуулийн магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлж байна.
Дээд боловсролын салбарын хувьд байгууллагын магадлан итгэмжлэл тасралтгүй явагдаж, сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл идэвхжиж, жил бүр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт ирүүлэх тоо нэмэгдэж байна. Магадлан итгэмжлэлийг олон улсын жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу хэрэгжүүлж, 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулсан нь дээд боловсролын чанарт эерэгээр нөлөөлж байна.
2020 он гарсаар хагас жил өнгөрч, ихэнх цаг хугацаанд сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, цар тахлын хөл хорио тогтоосон хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа хэдий ч олон хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж, цахим орчинд ажиллаж байна.
Өнөөдөр БСШУС-ын Сайд бөгөөд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Дарга Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга Л.Цэдэвсүрэн, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Дэд Дарга бөгөөд ажлын албаны захирал О.Янжмаа нар магадлан итгэмжлэгдсэн их дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын гэрчилгээг гардуулж амжилт хүслээ

Дээд боловсролын сургалтын байгууллага

Маргад дээд сургууль

Засагт Хан дээд сургууль​

Эдийн засгийн үндэсний дээд сургууль

Соёл Эрдэм дээд сургууль

Шинэ Монгол технологийн коллеж

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага

Гурвантамир мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Налайх дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Орхон аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Төв аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд жил бүр ахиц дэвшлийн тайлангаа Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлд ирүүлж нь чанарын баталгаажуулалтаа ханган ажилладаг.
Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүдийн мэдээллийг www.accmon.mn цахим хуудаснаас авах боломжтой.