Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгийг цар тахал намжтал үргэлжлүүлэн олгоно

A- A A+
Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгийг цар тахал намжтал үргэлжлүүлэн олгоно

 УИХ  дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралдаж, байр сууриа нэгтгэдэг юм. Үүний дагуу МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар хэлэлцжээ. Тодруулбал, Монгол Улсын 2021 оны төсвийн талаар хэлэлцэж, холбогдох яамдын мэдээлэл сонссон байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэхээр ирэх оны төсөвт тусгасан байна. Мөн татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж, гаалийн шинэчлэлийн үр дүнд экспортыг нэмэгдүүлж, баялгаас орох орлогыг бүрэн хураах, түүнчлэн эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын үйлчилгээг цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөсөн юм. Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар цар тахлын үед эдийн засгаа сэргээхийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг 2021 оны долоодугаар сар хүртэл үргэлжлүүлэх, хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөгийг зургаадугаар сар хүртэл олгохыг дэмжсэн болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Тэрбээр “Бүлгийн хурлаар төсвийн талаар эцсийн шийдвэр гаргаагүй. Зөвхөн төсвийн талаар мэдээлэл сонслоо. Энэ оны наймдугаар сард төсвийн алдагдлыг 4.8 их наядын алдагдалтай байхаар баталсан. Харин ирэх оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.9 хувь буюу 2.1 их наяд байх, эдийн засгийн өсөлтийг 7.2 хувь байхаар тооцсон байна. Түүнчлэн дэлхий нийтэд тархаад буй цар тахлыг дуустал хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр тооцож олгох зэрэг бодлогын ажлыг үргэлжлүүлнэ. Энэ бол анхнаасаа “COVID-19”-ийн үед иргэдийн орлогыг хамгаалах зорилготой боловсруулсан бодлого учир цар тахлыг даван туулах хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөж байна” гэв.