ТББХ: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг дэмжлээ

A- A A+
ТББХ: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.27) хуралдаан 12 цаг 51 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

    Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар огцорсонтой холбоотойгоор Монгол Ардын Намаас Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан. 

    Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх сумын ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

    Тэрбээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх сумын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2008 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал, 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн намын байгуулалтын газрын дарга, 2011-2014 онд Нийгмийн Ардчилал Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. 2016, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм.