3 хувийн хүүтэй зээлийн ганц шалгуур нь НӨАТ төлөгч байх ёстой

A- A A+
3 хувийн хүүтэй зээлийн ганц шалгуур нь НӨАТ төлөгч байх ёстой

Өнгөрсөн хугацаанд  тогтоосон  хөл хорионы улмаас өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс болон жижиг, дунд бизнес  эрхлэгчдийн амьдралд хүнд цохилт болсон. Өмнө нь тохиолдож байгаагүй гамшгийн  нөхцөл байдал эдийн засгийг хямралын ангал руу чирж, ажлын байр ихээр хорогдон, ядуурал газар авсаар байна. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гаргасан судалгаагаар  “Бизнес эрхлэгчид 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 1 хүртэл 152900 ажлын байрыг цомхотгосон.  Харин гуравдугаар сарыг хүртэл хөл хориог үргэлжлүүлбэл хагас сая хүн ажлын байраа алдана” гэдгийг мэдээлж байв. Орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд /ААН/  цалингаа тавьж чадахгүйн улмаас ийнхүү ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрчээ. Тиймээс Засгийн газраас  бүтэн нэг жилийн хугацаанд тэг зосголт хийсэн ААН, ялангуяа жижиг дунд бизнесүүдийг дэмжихийн  тулд “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулсан юм.

Үүнээс хоёр их наяд төгрөгийг ажлын байрыг хадгалах зээлийн хэлбэрээр арилжааны банкаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгохооор болсон нь энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүст хонгилын үзүүрт гэрэл ассанаас өөрцгүй шийдвэр байв.

Тодруулбал, нэг зээлдэгчид олгох дээд хэмжээ 500 сая хүртэлх төгрөг байх бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үндсэн зээлийн 60 хүртэл хувийг Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтад хамруулах боломжтой. Энэ дагуу арилжааны банкууд ААН-үүдийн зээлийн хүсэлтийг авч эхэлсэн. Гэтэл жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажлын байрыг дэмжих зээлийг авахад  хэтэрхий өндөр шалгуур тавьж буйг бизнес эрхлэгчид шүүмжлэх болсон. Тухайлбал,  ажлын байрыг дэмжих зээлд арилжааны банкууд:

2020 оны арванхоёрдугаар  сарын 31-ний өдрөөс өмнө үүсэн байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх,

Зээл хүсэгч нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар НДШ болон татварын өргүй байх,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын тайлангаа бүрэн мэдээлсэн байх,

Зээл хүсэгч болон түүний хамаарал бүхий этгээд нь 2019 оны   арванхоёрдугаар сарын 31-ний  өдрийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх,

2020 онд үйл ажиллагаа тогтмол явуулсан буюу аль нэг улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлан мэдүүлээгүй байх,

Зээлийн хугацаанд зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, зээлээ төлөх боломжтой байх,

Барьцаа хөрөнгийн дутагдалтай аж ахуйн нэгжийн хувьд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх,

Бизнесийн онцлогоос хамаарсан холбогдох бусад шаардлагыг тавьж байсан юм.

Тэгвэл Монголын банкны холбооноос  ААН-үүдэд тавигдах дээрх найман шалгуурыг бууруулж зөвхөн НӨАТ төлөгч байх ёстой гэсэн ганц шалгуурыг тавих болжээ.

Ингэснээр төрөөс ажлын байрыг дэмжих зээлд  тавигдах шаардлага буурч, арилжааны банкууд ААН-үүд зээлээ эргэн төлж чадах эсэхэд л анхаарна гэсэн үг. Тухайн ААН-ийн барьцаа хөрөнгө нь хангалттай, шаардлагыг хангаж байвал банкууд  ажлын арван хоногт багтаан зээлийг  шийдвэрлэх аж.

МОНГОЛ УЛС ЖИЛД  БҮТЭЭЖ БАЙГАА БАЯЛАГИЙН 12 ХУВЬТАЙ ТЭНЦЭХҮЙЦ АЛДАГДАЛД ОРСОН

Судлаач Г.Батзориг “Төсвийн орлого 13 хувиар буурч зардал нь 22 хувиар өссөн. Зардлын  70 хувь нь гуравхан зүйлд зарцуулагдаж байгаа.  Тухайлбал, 39 хувь нь халамж, 20 хувь нь төсвийн хөрөнгө оруулалт буюу барилга байгууламж, 11 хувь нь зээлийн  төлбөр. Төсвийн орлого буурч, зардал нь өсчихөөр төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэж байна.  Энэ нь Монгол Улс жилд  бүтээж байгаа баялагийн 12 хувьтай тэнцэхүйц алдагдалд  орсон  гэсэн үг. Хөл хорио сулруулснаас хойш хөдөө аж ахуй, уул уурхайн салбар хамгийн эхэнд сэргэлээ.  Дотоодод халдвар буурахгүй байгаатай холбоотойгоор бусад салбаруудад 2021 оны гуравдугаар улирлаас эдийн засгийн сэргэлт эхлэх төлөвтэй байна.  Хамгийн удаан сэргэх салбар нь зочид буудал, дотоодын аялал жуулчлал, агаарын тээвэр юм.

Олон улсын судлаачид дотоодын шинжээчид эдийн засгийг  4-7 хувийн өсөлттэй байх тооцоог гаргасан. Гэхдээ энэ  нь 2020 онд алдсан шархаа нөхөх эсэх, 2019 оны түвшинд хүрч чадах уу  гэдэгт хариулт өгөх жил байх болно.  Цаашлаад зээлийн эрэлт бага, зээлийн чанар муудах эрсдэлтэй байна. Хэдийгээр эрсдэлтэй эдийн засгийг хөлдөөсөн ч хавар гэсэхэд эрсдэл нь  хэвээр. Энэ оны долдугаар сард зээлийн ангилал хуучин хэвэндээ ороход санхүүгийн салбарт зээлийн эрсдэл үүсэхээр хүлээгдэж байна. Үүнээс гадна Банкны салбарын реформ нь эдийн засгийн маш эгзэгтэй үед хийгдэж байна. Ялангуяа цар тахлын нөлөөнд зээлийн багцийн 40 хувь асуудалтай байгаа түүнчлэн хөтөлбөрийн зээлүүд ашигт ажиллагаанд асуудал үүсгэх гэх мэтээр хүнд үед реформ хийгдэж байна" гэдгийг онцоллоо.