Мэдээллийн технологийн суурь мэдлэгийн гарын авлага нэгээр нэмэгдлээ

A- A A+
Мэдээллийн технологийн суурь мэдлэгийн гарын авлага нэгээр нэмэгдлээ

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Монгол Улсад мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварын стандарт болон ур чадварын түвшинг тогтоох олон улсын шалгалтын системийг амжилттай нутагшуулсан төдийгүй цаашид бүх нийтийн цахим мэдлэгийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Энэхүү зорилгын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жил, Мэдээлэл, технологийн үндэсний паркын 50 жилийн ойг угтан Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын 1 дэх түвшин болох “Мэдээллийн технологийн паспорт шалгалт”-д бэлтгэх гарын авлагыг ажил албандаа мэдээллийн технологийг ашигладаг хүн бүрт зориулан орчуулан гаргалаа.

Гарын авлага нь монгол хэлээр нийтлэгдэж буй анхны хэвлэл бөгөөд бүтцийн хувьд стратеги, удирдлага, технологийн салбар тус бүрээр арван бүлгийг дараах байдлаар багтаасан болно.

Бүлэг 1: Байгууллага ба хууль эрх зүй

Байгууллагын үйл ажиллагаа, бизнесийн удирдлага, хууль эрх зүйн нийцэл болон байгууллагын дотоод дүрэм журам

Бүлэг 2: Бизнесийн стратеги

Мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга техник, маркетингийн техник, бизнесийн удирдлагын систем, технологийн систем зэрэг бизнесийн стратегитай холбоотой нийтлэг системүүд

Бүлэг 3: Системийн стратеги

Бизнесийн процессын ойлголт, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах арга техник, мэдээллийн системийн хөгжүүлэлт, компьютержуулалтын шаардлагын тодорхойлолт болон түүний боловсруулалт зэрэг асуудлыг мэдээллийн системийн стратегид үндэслэн тайлбарлав.

Бүлэг 4: Систем хөгжүүлэх технологи

Систем хөгжүүлэлтийн процесс, туршилтын аргуудаас гадна программ хангамж хөгжүүлэлтийн процесс, арга техник

Бүлэг 5 Төслийн удирдлага

Төслийн удирдлагын процесс, арга техник

Бүлэг 6 Үйлчилгээний удирдлага

Мэдээллийн системийг удирдахад шаардлагатай мэдээллийн технологийн үйлчилгээний удирдлагын бүтэц ба үүрэг, системийн орчны ойлголт, системийн аудитын үндэс

Бүлэг 7 Суурь онол

Тооллын системийн үндэс, олонлог, магадлал, статистик, мэдээллийн тоон хувиргалт, алгоритм

Бүлэг 8 Компьютерын систем

Компьютерын бүрэлдэхүүн хэсэг, системийн бүрэлдэхүүн хэсэг, программ хангамж, техник хангамж, тэдгээрийн шинж чанар

Бүлэг 9 Технологийн элемент

Хэрэглэгчийн интерфейс, мультимедиа технологиудын шинж чанар, өгөгдлийн сангийн зохиомж, сүлжээний суурь ойлголт, аюулгүй байдлын арга хэмжээ

Бүлэг 10 Хүснэгтэн мэдээлэл боловсруулах программ

Хүснэгтэн мэдээлэл боловсруулах программын үндсэн ойлголт, функц ашиглан тооцоолол

Хавсралт: Мэдлэг шалгах асуултын хариулт болон тайлбар

Бүлэг тус бүрийн төгсгөлд жишээ асуултууд болон хариулт, тайлбарын хамт оруулав.

Энэхүү гарын авлагыг орчуулан гаргах санаачилгыг МТҮП-ын захирал Э.Цогтгэрэл, төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг нар гарган Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлагаас албан ёсоор орчуулах эрхийг авсан билээ. Гарын авлагыг МТҮП-ын гадаад харилцааны мэргэжилтэн Н.Мөнхбаяр болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш Ц.Батцэцэг, Б.Мөнхчимэг, Л.Болор нар англи хэлнээс монгол хэл рүү орчуулах ажлыг гүйцэтгэсэн болно.

Ерөнхий редактораар Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн Профессор, доктор С.Уянга, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш, доктор Ч.Мөнхнасан, Э.Батцэцэг болон бусад эрдэмтэн, багш нартаа гүн талархал илэрхийлье.

Монгол улсын иргэн 16 насанд хүрээд иргэний үнэмлэхээ авдаг бол Мэдээллийн технологи гэх салбарт алхан орохын тулд паспорт шалгалтад тэнцэж гэрчилгээ авах нь XXI зуунд ажиллаж буй мэргэжилтэн бүрт тавигдах шаардлага болоод байна. XXI зуунтайгаа хөл нийлүүлэн алхаж буй залуу таны оюун мэлмийн өмнө энэхүү номоо өргөн дэлгэж байна.