ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Цэргийн дэглэлтийг бид дангаараа шийдэж чадахгүй

A- A A+
ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Цэргийн дэглэлтийг бид дангаараа шийдэж чадахгүй

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:

-Та нарын цалин хөлс, хангамж чинь багадаад байдаг юм уу. Эсвэл бодлого нь болохгүй байдаг юм уу. Асуудал нь яг хаана байна вэ. Та нарын сэтгэл дутаж байна гэж дүгнэмээр байна. Та нар өнөөдөр хамгийн тааламжтай нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс. Хэрвээ эдгээр 12 хэрэг гарахын өмнөх эхний хэрэг дээр  нухацтай ажилласан бол дараагийн 11 хэрэг гарахгүй байх байсан. 11 аав, ээж хагацал зовлон амсахгүй байх байлаа.  Хэн хариуцлага хүлээсэн юм. Африк гаралтай америк эрэгтэй Жорж Флойд амиа алдсан хэрэг эцсээ хүртэл явж байна. Конгресс авч үзэж энэ хүний нэртэй хууль хүртэл гарч, бүх муж нь Цагдаагийн албан хаагчмийн журамд өөрчлөлт оруулж байна. Гэтэл манайд ямар ч арга хэмжээ авахгүй 3 саяулаа үхээд дуусах юм уу. Эцэг эхчүүдийн хяналтыг тавимаар байна гэж иргэдээс маш олон санал, хүсэлт ирж байна. Өнөөдөр асуудлыг сенсаци болгоод өнгөрөх төдий хоосон хандах ёсгүй. Хариуцсан хүмүүс нь богино, дунд, урт хугацаанд яг юу хийх вэ гэдэгт УИХ-аас ажлын хэсэг гарч бидэнд ирүүлэх хэрэгтэй. Эрхзүйн орчин болон төсөв мөнгө нь хүрэлцдэггүй юм бол бид оролцъё. Шаардлагатай гэвэл хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол явуулъя. Залуусыг эх оронч, чийрэг бие бялдартай болгох гэж цэрэгт явуулдаг болохоос биш нэг хариуцлагагүй даргын гарын шүүс болгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг шийдэх хүртэл нь явна.

 ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:

-Бид асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ. Тухайн хэрэгт холбогдсон салаан дарга Г зохих ёсны дагуу шийтгэлээ хүлээнэ. Бидэнд ямар ч хаалт байхгүй. Сүүлийн хоёр жилд 12  хэрэг гарлаа гэж та хэлж байна. Надад ийм тоо алга. Энэ мэдээллийг та хаанаас авсан бэ. Хэрэг гарсан хамгийн оргил үе нь 2018, 2019 онууд байсан. Одоо 50 хувиар буурсан. Бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаа боловч эцсийн дүндээ асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:

-Та маш буруу ярьж байна. Яагаад нэг цэргийн амь нас эрсдэхэд хариуцлагыг чангаруулж болоогүй юм бэ. Яагаад заавал олон хүн амиа алдаж байж эрчимжүүлэх ёстой юм. 2018 онд хэргийн оргил үе гэж ярих нь буруу. Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй гэдэгтэй санал нийлж байна. Хүч хүрэхгүй ажлаа бидэнд яаралтай танилцуулах хэрэгтэй.

ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:

-Сүүлийн таван жилийн үзүүлэлттэй харьцуулаад 2018, 2019 онууд оргил үе нь байсан гэж тодотгосон юм. Үгийн алдаа гаргасанд уучлаарай. Цэргийн байгууллагууд төсөв мөнгөний хувьд хязгаарлагдмал байдаг.  Төсөв хөрөнгөөс гадна хууль эрх зүйн зохицуулалт бидэнд чухал байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, амь насанд халдаж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил. Цэрэгт дэг байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг өнөөдөр хүлээн зөвшөөрч болохгүй. Ямар асуудал болохгүй болоод одоо хүртэл цэргийн дэг байгаад байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн дотоод албаны дүрэм гэж гарсан. Энэ дүрэм яагаад хэрэгжихгүй байна вэ. ХЭҮК энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг:

-Цэрийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохицуулдаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээг заасан байдаг. 100 хувийн хангалттай байхаас 66 хувийн хангалттай байна. Энэ бүхнийг цэгцлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй.

ХЭҮК-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБОЛД:

-2020 онд ХЭҮК-т цэргийн албан хаагчдаас гомдол ирээгүй. Дотооддоо гомдол мэдээлэл авч, шийддэгтэй холбоотой. 2013-2020 онд 125 гэмт хэрэг цэргийн албанд үйлдэгдсэн. Үүний 98 нь хүч хэрэглэсэн гэж прокурорт шилжсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН:

-Хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хэчнээн хүн байна вэ. Салаа, жагсаалын дарга нар дураараа авирлах, яргалал чөлөөтэй үйлдэх боломжийг олгодог газар байна. Би танд энэ асуудал дээр төсөв битгий яриасай гэж бодож байна. Цаашдаа ийм байдал гаргахгүйн тулд сургалт явуулна гэж байна. Хэрвээ дахиад ийм байдал гарвал яах вэ. 2008 оноос эхлээд цэргийн сэтгэл судлаач бэлтгэж эхэлсэн гэж байна. Цэргийн сэтгэл судлаачдыг хэрхэн яаж бэлтгэж байна вэ.

ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:

-2016-2020 оны байдлаар хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 62 гарсан байна. Амиа алдсан хүн хоёр, гэр бүлийн хүчирхийлэл хоёр гарсан. Ёс суртахууны байдал дээр бид ажилладаг. Зэвсэгт хүчин өнгөрсөн 100 жилийн хугацаанд ёс зүйтэй ажилласаар ирсэн. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Сэтгэл зүйчийн хувьд цэргийн анги байгууллагууд дээр нэг хүн байгаа. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний сургалт төгссөн хүмүүс байдаг.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР:

-Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яаманд хууль эрх зүй, хангамж, орон тоо асуудалтайгаас хүн амины хэрэг гараад байгаа юм биш. Энэ бол шат шатандаа хариуцлага яаж суларсныг, ажлаа яаж хариуцаж байгаагийн илрэл. Тухайлбал, цэргийг хариуцдаг албан тушаалтнууд жанжин штабаас эхлээд салаан захирагч хүртэл маш олон шат дамжлага байгаа. Энэ бол хүнтэйгээ ойр ажиллахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Түүнээс нийгмээс янз бүрийн хүүхдүүд орж ирээд түүнийг нь бид дийлэхгүй болоод байгаа юм байхгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:
-Хамгийн сүүлд хэрэг явдал болсон цэргийн анги дээр хэзээ, ямар сургалт хийсэн бэ. Эх орныхоо төлөө цэргийн алба хаагаад ирээрэй гээд явуулж байгаа болохоос яргалалд өртүүлэх гэж явуулаагүй. Цаашдаа ямар баталгаа төр өгөх юм бэ. Энэ жил цэргийн албанд очих хүмүүст бид юу хэлэх вэ.

ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:

-Цэргийн цагдаагийн хэсгийг бий болгосон. Цэргийн цагдаагийн алба эргүүл хийх, дотоод албан дүрмийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллана. Энэ сардаа багтаагаад ажилд нь оруулна.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР:

-Батлан хамгаалах яамнаас таван тодорхой арга хэмжээ хэрэгжүүлээд эхэлсэн. Нэгд, офицеруудын мэдлэг ур чадвар, түвшинг тогтооно. Хоёрт, сайдын дэргэд Иргэний зөвлөл байгуулна. Гуравт, иргэдийн нээлттэй утсыг ажиллуулж эхэлсэн. Дөрөвт, хугацаат цэргийн албан хаагчдад цэргийн сэтгэл зүйч, хуульч нарыг бүх ангиуд дээр ажиллуулна. Тавд, хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлнэ.