Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн хэвлэлийн хурал дээр вакцины асуудлыг улстөржүүлсэн улстөрчид бий, тэр нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр гэж зарласан билээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга, гишүүн С.Одонтуяа "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хоногийн өмнө вакциныг улстөржүүлсэн улстөрчид бий гэж зарлахад нь бид бас гайхаж байсан. Яагаад вакцины асуудлыг улстөржүүлж байна вэ. Ийм зүйл, ийм хүн бол байж болохгүй гэж бодож байсан. Хамгийн гол нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн, Монгол Улсын Ерөнхий сайд хүн ийм хариуцлагагүй мэдээлэл хийж байгаад туйлын их харамсаж байна. Энэ бол миний нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Өнөөдөр бид хууль тогтоогчид, шүүхээр хэн нэгэн гэм буруу нь тогтоогдоогүй байхад олон нийтийн хэрэгслээр хүнийг хэм буруутай мэтээр зарлаж байгаа нь өөрөө гэмт хэрэг гэж би үзэж байна. Вакцины асуудал Засгийн газрын хариуцах асуудал. УИХ дээр бол ажлын хэсэг гарч, вакцины тоог нэмэгдүүлэх, иргэдийг сонголттойгоор вакцинд хамруулах, вакцины асуудал дээр Засгийн газар ямар бодитой арга хэмжээ хэрэгжүүлж байгаад хяналт тавьж явдаг. Яг вакцин оруулж ирэх асуудал бол цэвэр Засгийн газрын хийх асуудал.
Дэлхий бүх улс орны Засгийн газар вакцинжуулалтаа хариуцахаас гадна ДЭМБ, бусад донор байгууллагуудтай хамтарч хийх хэцүү ажил. Би УИХ-ын гишүүн, сөрөг хүчний гишүүний хувьд Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг шүүмжилж, 100 хоногт 170 хүн нас барсныг шүүмжилсэн. Энэ бол Засгийн газрын ажлын үр дүн гэж хэлсэн. Мөн би УИХ-ын чуулганы хуралдаан дээр Сovid-19-ийн цар тахал, вакцинжуулалттай холбоотой мэдээллийг Ерөнхий сайд өөрийн биеэр ирж, чуулганы хуралдаан, гишүүдэд мэдээлэл өгөөч гэсэн шаардлагыг олон удаа тавьсан.
Энэ улсад Сovid-19 цар тахлыг даван туулах, иргэдээ вакцинжуулахад бид өдөр, шөнөгүй ажиллаж байх үүрэгтэй. Сөрөг хүчний гол үүрэг бол эрх баригч нам, Засгийн газрын сайн зүйлийг дэмжиж, болохгүй алдаа дутагдлыг нь хэлж, засч залруулж, зогсоох хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээд явж байхад асуудалд ийм муйхар хандаж болохгүй. Тиймээс би өнөөдөр шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ. Би монгол хүний эрүүл мэндийн төлөө, вакциныг нэг өдөр ч гацаасай гэж бодож үзээгүй, асуудалд улстөржиж хандаж байгаагүй" хэмээн мэдэгдлээ.

















