АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА НАРТ КОВИД19-ЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

A- A A+
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА НАРТ КОВИД19-ЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Б.Энхболд нар Аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, улсын хэмжээнд хийж буй вакцинжуулалтын талаарх нэгдсэн мэдээлэл өгч, орон нутаг дахь дархлаажуулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож,  мэдээлэл солилцож, зарим үүрэг даалгаврыг өгөв.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 4, 5, 6 дугаар сарыг дархлаажуулалтын сар болгож, зорилтот бүлгийн хүн амаа КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулахаар зорьсон бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 15-аас дархлаажуулалтын үр дүн мэдрэгдэж, халдварын тархалт хумигдаж, тохиолдлын тоо тогтвортой буурах тооцоолллыг Эрүүл мэндийн яам болон эрдэмтэн судлаачдын багийн судалгаа харуулж байсан юм.

2021 оны 6 дугаар сарын нэгний байдлаар улсын хэмжээнд 1-р тунд 1,859,509 хүн (89.9%), 2-р тунд 1,323,266 хүн (64%) хамрагдсан байна. Харин орон нутгийн зорилтот бүлгийн хүн амаас  1-р тунд 908316 хүн (81.5%), 2-р тунд 577183 хүн (51.8%) нь хамрагджээ.

Үүнээс үзвэл вакцины хоёрдугаар тунд хамрагдалт орон нутагт тооцсон шиг идэвхитэй биш байгаа нь сэтгэл зовоож байна гээд дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Аймгийн онцгой комиссын дарга нарт Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгож, Баян-Өлгий, Ховд, Увс, Дундговь, Хөвсгөл аймгийн засаг дарга нарт хатуу анхааруулга өгсөн юм. Орон нутгийнхны хувьд малчид бусад аймгууд руу отроор олноороо явсан зэрэг нь дархлаажуулалтад хамрагдах тоог бууруулахад нөлөөлж буй томоохон хүчин зүйл болж байгаа гэв. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын амралт эхэлж хүүхдүүд орон нутаг руу ихээхэн зорчиж буй нь тархалтыг нэмэгдүүлэх болсон гэдгийг онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.