ЭМЯ: Халдварын улмаас одоогоор 14 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

A- A A+
ЭМЯ: Халдварын улмаас одоогоор 14 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-НЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР: 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9517 хүнд шинжилгээ хийхэд 1998 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 130452 болж байна. Халдварын 70 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт 1139, хөдөө орон нутагт 859 нь бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь, мөн хугацаанд Covid-19-ийн нэн хүнд хэлбэр болон бусад хавсарсан өвчний улмаас 20-80 насны долоон хүн нас барлаа. Улсын хэмжээнд Covid-19-ийн улмаас нийт 646 хүн нас бараад байна.

Дархлаа сул хүмүүс халдвараар өвчлөх эрсдэл өндөр байгаа нь ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар 25 мянга орчим хүн гэрээр хянагдаж байгаа бол 2600 гаруй хүүхэд, 732 жирэмсэн хүн эмнэлгийн хяналтад байна.

Харин 2326 хүн эдгэрснээс 1028 нь эмнэлгээс, 1298 нь гэрийн хяналтаас гарч, нийт 87 145 хүн эдгэрээд байгаа юм.

Халдварын улмаас одоогоор 14 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн хэлбэрийн оноштой иргэд 76 хувийг эзэлж байна. Орны нөөц дууссан учир иргэд өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй.

12-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 40 ХУВЬ НЬ ВАКЦИН ХИЙЛГЭЖЭЭ

Дархлаажуулалтын хувьд сүүлийн 24 цагт 13704 хүн хамрагджээ. Улсын хэмжээнд нэгдүгээр тунд хоёр сая 88 мянга 550 хүн хамрагдсан бол, хоёрдугаар тунд нэг сая 777 мянга 243 хүн хамрагдаад байгаа юм.

12-15 насны хүүхдүүдийн 44.1 хувь дархлаажуулалтын эхний тунд, 16-17 насны хүүхдүүдийн 60.1 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан бол 0.8 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.