ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИХ БОДЛОГЫГ ТУУШТАЙ БАРИМТАЛНА. ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ

A- A A+
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИХ БОДЛОГЫГ ТУУШТАЙ БАРИМТАЛНА. ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд оролцож ногоочид, үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Тэд борлуулалт тааруу байсан ч үзэсгэлэн эхэлснээс хойш нэмэгдэж байна гэв. Энэ сарын 16-нд 24,5 сая, 17-нд 78,9 сая, 18-нд 110,8 сая, нийт 214,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.


Үзэсгэлэнд оролцож байгаа ногоочдын хувьд эх орныхоо хөрсөнд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулж байгаа ч ургацаа хадгалах стандарт хангасан зоорь дутагдалтай байгааг ярьж байлаа. Энэ жилийн хувьд манай улс төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж, илүү гарсан ногоогоо нөөцлөх бодлого барьж байна.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Энэ жил хөдөө аж ахуйн салбарын хувьд түүхэн жил болж байна. Манай улс улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногоогоо 60 хувь дотоодоосоо хангах урьдчилсан төлөв гарсан. Манай улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн. Үүгээр тооцоолбол, 200 орчим мянган тонн ургац илүү авахаар байна. Тиймээс бид цаашид зөвхөн импортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарах биш экспортыг дэмжих бодлого барина.

Хүнсний нөөц бүрдүүлж, томоохон зоориуд байгуулах, өвлийн хүлэмж барихад анхаарна” гэлээ. Мөн цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй энэ үед Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засгаа ч дэмжих бодлогыг тууштай баримталж байна. Иргэн та бидний хамтын ажиллагаа энд чухал. Хамтдаа хичээцгээе хэмээн Ерөнхий сайд уриаллаа.