Орхоны УБГ-ын хурган дарга ажлын байрны дарамт үйлджээ
...Хууль нь үйлчлэхгүй бол хувийн журмаар арга хэмжээ ав аа...
Дарга нар юу ч хийж болно гэдэг болчхоод байгаа ш дээ...
Яасан даварсан хар новш вэ, эмэгтэй хүнийг зодоод...
Ня-бо нь ч гэсэн буруутай байсан байх...
Буруутай байлаа гээд хүнийг зодох ёстой юм уу...
Ажлын байрны дарамт наадах чинь мөнөөсөө мөн шүү дээ... гэх зэргийн үгс урсаж хамар руугаа багц түлхүүрээр цохиулсан эмэгтэйн биеийн байдлыг асуусан постууд хөвөрнө...
Шуугиан дэгдээсэн уг асуудлыг тодруулбал, Орхон аймгийн Улсын бүртгэлийн газрын хэлтсийн дарга Д.Мөнхболд гэгч нь өнгөрсөн баасан гарагт буюу 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр ажлын байран дээрээ согтуу ирж агсам тавьж “Лалрын п.... чи” гэх мэт хараалын үг урсгаж гарчээ. Улмаар нягтлан бодогч эмэгтэйд эр бяраа гарган, зодож танхайрсан байна. Тэрбээр эмэгтэй зүүн шанаа руу нь цохиж ширээ мөргүүлээд дараа нь багц түлхүүрээр хамар руу нь цохиж гэмтээжээ.
Эмэгтэй айж нөхрөө дуудсан бөгөөд нөхөр нь ирж цагдаа дууджээ. Цагдаагийн алба хаагчид ирж Д.Мөнхболд даргыг үлээлгэхэд 1.95 бүхэлтэй гарсан аж.
Дээрх гэмт хэргийг нуун дарагдуулах ажиллагааг том албан тушаалтнууд ч идэвхтэй ажилласан байна. Байцаалт авсан цагдаа нь ня-бо эмэгтэйг “ажлаасаа халагдах эрсдэлтэй” гээд Д.Мөнхболд даргыг Зөрчлийн тухай хуулийн 5.1-д зааснаар 100 мянган төгрөгөөр торгоод хэргийг нь хаажээ.
Энэ бол ажлын байрны дарамт. Гэтэл УИХ-ын гишүүнд ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамтыг хуульд хэрхэн тусгав.
Ажлын байрны бэлгийн дарамт учруулахдаа хүчиндээгүй л бол 1 сая төгрөгөөр торгох заалтыг Зөрчлийн тухай хуульд оруулсан. Тэгвэл бэлгийн дарамт учруулаагүй ч ажлын байрны дарамт учруулсан дээрх тохиолдолд хэрхэх вэ, эрхэм гишүүд ээ.
Ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт бол хэзээ ч арилахгүй толбо мэт асуудал болоод байгаа. Үүнийг Улсын бүртгэлийн газрын хэлтсийн дарга Д.Мөнхболдын үйлдэл дахин харууллаа. Дахин гэхийн учир нь тэрбээр өмнө бас ийм үйлдэл гаргаж байсан байгаа юм. Нөгөөтэйгүүр нягтлан эмэгтэй тохиролцохыг хүссэн гэх мэдээг эх сурвалж өгөв. Тохиролцоо нь гэмт хэргийг нуун дарагдуулж, гэмтнийг цаашид дахин гэмт үйлдэл хийг гэж байгаатай агаар нэг буй юм.
Мөн эндээс харахад Эрдэнэтийн цагдаа нарын ажлаа хэрхэн хийж буйг ч харж болно.

