Хүний эрх, ялгаварлан гадуурхалт, гэрч, хохирогчийг хамгаалах сэдвээр цахим сургалт боллоо

A- A A+
Хүний эрх, ялгаварлан гадуурхалт, гэрч, хохирогчийг хамгаалах сэдвээр цахим сургалт боллоо

НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог ба ялгаа” сургалтыг өнөөдөр нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулан цахимаар зохион байгууллаа. Сургалтад 200 гаруй ажилтан, албан хаагч оролцож, хуульч, судлаач Л.Галбаатар илтгэл тавьсан юм. Тэрбээр олон улсын болон Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, конвенц болоод хэм хэмжээний талаар ерөнхий ойлголт өгч, сэдвийн дагуу нарийвчилсан мэдээлэл өгсөн юм.

Хүний эрх ба ялгаварлан гадуурхалтын хамгийн анхны ойлголт нь хүн бүгд ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг бөгөөд бусдыг өөртэйгөө адилхан байхыг шаардах нь ялгаварлан гадуурхалтын эхний шинж гэдгийг хуульч тодотгож байлаа. Хүнийг арьсны өнгө,  үндэс угсаа, нас хүйс, хэл соёл, улс төрийн буюу бусад үзэл бодол, шашин шүтлэг, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн албан тушаал, бэлгийн чиг баримжаа  зэргээр ялгаварлан гадуурхахгүй байхыг Монгол Улсын Эрүүгийн хуульд зүйлчлэн зааж дээрх эрхийг хамгаалсан байдаг.

Түүнчлэн “Хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох түүнийг хэрхэн хамгаалдаг талаарх мэдээллийг өглөө. Хүний эрхийн хамгаалагч гэсэн ойлголт дэлхий нийтийн хэмжээнд 1998 оноос эхтэй. Дэлхийн 40 гаруй улс хүний эрхийг хамгаалагчийн талаарх хуультай байдгийн нэг нь Монгол Улс. Хуульд хүний эрхийг хамгаалагч гэж хэн болох, хүний эрх хамгаалах үйл ажиллагааг хуульчлан тусгасан төдийгүй хүний эрхийн зөрчил гэж юу болохыг мөн тусгасан байдаг байна. Хүний эрх хамгаалагчийг ялгаварлах нь эргээд хүний эрхийн зөрчил гэдгийг мөн тодотгож байв.

Гэр бүлийн хүчирхийлэл, гэрч, хохирогчийг хамгаалах талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч  Г.Уранбат мэдээлэл өглөө. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага хоногт 100-120, сард 3000 орчим бүртгэгдэж байдаг аж. Энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нэмэгдсэн нь хууль батлагдаж, хариуцлага өндөрссөнтэй холбоотой гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль  2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдсанаас хойш энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг нэмэгдэж, бүх шатны сургуулийн багш, ажилтнууд, эрүүл мэнд, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд, баг хороо, сум дүүргийн холбогдох ажилтнууд, төрийн албан хаагч энэ төрлийн гэмт хэргийг заавал мэдээлэх үүрэг хүлээх болжээ. Ингэснээр далд үйлдэгдэж байгаа, даамжирч буй гэмт хэрэг эрт илрэх боломжтойг онцгойлон тодотгов. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг мэдсэн хэн бүхэн заавал мэдээлэх үүрэгтэй. Энэ төрлийн хэрэг зөрчил нууц далд байх тусмаа илүү хор нөлөөтэй гэдгийг мэргэжилтэн онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС