СОЛОНГОСЫН ДУЛААНЫ СҮЛЖЭЭ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

A- A A+
СОЛОНГОСЫН ДУЛААНЫ СҮЛЖЭЭ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн техникийн удирдлагууд өмнө нь хамтран ажиллаж байсан Солонгос улсын Дулааны сүлжээний /Korea distict heating corporation/ компанийн шинэ үеийн удирдлагуудын төлөөллийг хүлээн авч нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, тулгамдсан асуудлын талаар уулзалт хурлыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар тус компанийн инженерүүдийн судалгаа тооцоог хийж, техник эдийн засгийн үндэслэлүүдийг нь боловсруулсан дулаан хангамжийн хүндрэлтэй байршлуудын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр ханган нийслэлий төвлөрсөн дулаан хангамжийн системтэй хослон ажиллах тархмал эх үүсвэрүүдийн талаар /Дэнжийн мянга, Зайсан, Маршал таун хотхон, Дүнжингарав, ИЗИС, Нисэх дэд төв/ мөн Солонгос улсад ашиглагдаж буй сэргээгдэх эрчим хүчний станцууд, /газ, нар, салхи, газрын гүний дулаан/ Дулааны хуримтлуурын станц, өндөр хүчин чадлын бойлер, Солонгос улсад ашиглагдаж буй шинэ техник, технологи дулааны шугам, тоноглолууд, автомат хаалт, алсын зайн хяналт удирдлагын Скада систем зэрэг хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөр, техник зохион байгуулалтын арга хэмжээнүүдийн талаар ярилцаж гадны орны сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр судалж, харилцан санал солилцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд Солонгос улсын Дулааны сүлжээний компанийн удирдлагууд холбогдох Техник эдийн засгийн үндэслэл, судалгаа, тооцооны ажилтай танилцсаны үндсэн дээр зарим хийн түлш газаар /LPG/ ажилладаг дэд төвүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг оруулах талаар судалж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Эхний ээлжинд шинээр төлөвлөгдсөн 20Гкал/ц-ийн хүчин чадалтай Зайсан дэд төв, 60 Гкал/ц-ийн хүчин чадалтай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Маршал таун хотхон орчмын дэд төвүүдийг 2026 оны түвшинд барьж ашиглалтанд оруулсан нөхцөлд төгсгөлийн хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирч, төвлөрсөн дулаан хангамжийн хамрах хүрээ тэлэх төдийгүй цаашид гэр хорооллын дахин төлөвлөлт, өсөн нэмэгдэх хэрэглээг эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадалтай уялдуулан дулааны эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэх юм.