Энэ сард 56 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

A- A A+
Энэ сард 56 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Өнгөрсөн онд ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Засгийн газраас банкуудад олгох орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг нэг хувь болгон бууруулсан. Ингэснээр банкууд өөрийн эх үүсвэрээс найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Засгийн газрын олгож буй эх үүсвэрээс багагүй хэмжээгээр санхүүжүүлэх шийдвэр гаргасан юм.  Уг өөрчлөлтийн дагуу энэ онд Монголбанкнаас 200-220 тэрбум, Засгийн газар болон банкуудын өөрийн эх үүсвэрээс тус бүр 115 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгох  юм. Өөрөөр хэлбэл, энэ онд нийт 430 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөжээ. Ингэснээр зээлийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 120 тэрбум төгрөг буюу 40 орчим хувиар нэмэгдэх юм. Төв банкнаас өгсөн мэдээллээр өнгөрсөн сард гэхэд 67 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг 955 иргэнд олгосон байна.Үүнийг задалбал,  Монголбанкны эх үүсвэрээс 63.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 885 иргэнд олгосон бол Засгийн газрын эх үүсвэрээс 25.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 431 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 25.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 323 иргэнд олгосон аж. Энэ сард гэхэд 56 тэрбум төгрөгийг уг зээлд зарцуулах аж.