“Эрдэнэс” бондыг босгох ажил дуусах шатандаа оржээ

A- A A+
“Эрдэнэс” бондыг босгох ажил дуусах шатандаа оржээ

2020 оныг монголчууд “ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг чинь тэглэх шийдвэр гаргалаа” гэх мэдээтэй угтсан. Ерөнхийлөгчийн он солигдох мөчид өндөр настнуудад барьсан энэхүү бэлэг олон асуулт дагуулж байгаагийн хамгийн хурц нь тэтгэврийн зээл тэглэх хөрөнгийг хэн, хаанаас, хэрхэн өгөх вэ гэдэг асуулт. Монгол Улсын тэтгэврийн насны 421 мянган иргэнээс тэтгэврийн зээлтэй 229 мянган иргэн ХААН болон Төрийн банкнаас авсан 776 тэрбум төгрөгийн зээлээ нэг удаа тэглүүлэхээр болсон. Үүнийг зохицуулах хууль ч ногоон гэрлээр батлагдчихлаа. Хуулийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь байдаг “Салхитын  орд”-ыг ирээдүйд ашиглах долоон жилийн хугацааны нийлбэр ашгийг барьцаалан бонд гаргаж, мөнгөжүүлэх замаар хэрэгжүүлэхээр болоод буй. Тэгвэл нийтийн дунд нэлээд асуудал болж, банк, санхүүгийн салбарынхан хийгээд учир мэддэг хүмүүс, нэр бүхий улстөрчдийн аазгайг хөдөлгөөд буй энэхүү санхүүжилтыг “Эрдэнэс Монгол” ХХК тийм амархан босгож, бонд гаргаж чадах болов уу. 

П.ГАНХҮҮ: БОНД ГАРГАХ АЖИЛ АРИЛЖААНЫ БАНКУУДТАЙ ГЭРЭЭ ХИЙХ ШАТАНДАА ЯВЖ БАЙНА

Дээрх асуултад хариулт олохоор тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс зарим зүйлийг тодрууллаа. “Эрдэнэс Монгол” ХХК саяхан дэргэдэх Нэгдлийн зөвлөлийн ээлжит хурлаараа тулгамдсан асуудлууд болоод нэн даруй шийдвэрлэх учиртай зарим ажлынхаа явцтай танилцсан аж. Тэрбээр “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу гурван тогтоол, нэг журам гарсан бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хамт олон хамтарч “Эрдэнэс” бонд гаргах ажлыг удирдан ажиллаж байна. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргах бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний зургаан хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэнэ. Мөн 192 мянган ахмад настанд нэг сая төгрөгийн эрхийн бичиг, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмадад зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх эрхийн бичиг олгох замаар шийдвэрлэхээр бид шуурхайлан ажиллаж байна. Бонд гаргахын тулд Хөгжлийн банк баталгаа гаргах бөгөөд мөн арилжааны банкуудтай гэрээ хийх шатандаа явж байна. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна” гэлээ. 

ӨМНӨ НЬ ТЭД ЮУ ХИЙЖ ЧАДСАН БЭ БУЮУ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-Д ИТГЭЖ БОЛОХ УУ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс “Эрдэнэс” бонд гаргахтай холбоотой шаардлагатай ажлуудыг цаг алдалгүй хийж байгаа хэмээн мэдээлж буй ч ийм хэмжээний ачааллыг даах чадвар, хариуцах туршлага, банкууд итгэж болох үнэлэмж тэдэнд бий эсэхийг өмнө нь хийж байсан ажлуудаас нь шинжих гээд үзье. 
Сүүлийн 10 гаруй жилд монголчуудын амьдралд гарсан өөрчлөлт, уул уурхайн салбарын өсөлт Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилготой “Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежменттэй яах аргагүй холбоотой өрнөжээ. Монгол Улсын хамгийн том зэс, алтны болон коксжих нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан түүх “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэр дээр бичигддэг. Тодруулбал, Оюутолгой болон Тавантолгой төслийг тус компани эхлүүлснийг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. 2008 онд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, улмаар 2010 онд тус ордын Зүүн цанхийн талбайд анхны хөрс хуулалт хийж, төслийг эхлүүлж байв. Үүний дараа буюу 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын нийт ард түмэнд эзэмшүүлэх ажлыг гардан зохион байгуулж, өдгөө олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх хүртэлх бүхий л бэлтгэл ажлыг “Эрдэнэс Монгол” компани хийсэн байдаг. Үүний хажуугаар дэлхийн хэмжээний уурхай болох “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын хувь буюу 34 хувийг эзэмшиж, “Эрдэнэс Оюутолгой” компанийг байгуулан ажиллаж байна. 2013 онд Оюутолгой уурхайн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, улмаар анхны зэсийн баяжмалыг экспортод гаргасан бол 2015 оноос дэлхийд дээгүүрт бичигдэх далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. 
“Эрдэнэс Монгол” компани Засгийн газрын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын иргэн бүр Засгийн газраар дамжуулан компанийн хувьцаа эзэмшигч юм. Үүнээс гадна 2012 онд Засгийн газраас “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн нэг ширхэг хувьцааг гурван сая иргэнд эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Монгол” компанид хоёр байдлаар хувьцаа эзэмшиж байгаа бөгөөд “Эрдэнэс Монгол” компани иргэн бүрийн компани болсон. Энэхүү давуу эрхийн хувьцаагар дамжуулан иргэн бүр Монгол Улсын стратегийн орд газрын эдийн засгийн эргэлтээс олох ашгаас ногдол ашиг хүртэнэ. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” нь төвийн эрчим хүчний хэрэглээний 90 орчим хувийг тасралтгүй тогтвортой хангаж ирсэн хүрэн нүүрсний орд болох Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг. 
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулав. Стратегийн орд газруудыг төрд авах Засгийн газрын бодлогын хүрээнд 2019 онд Асгат болон Салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компани эзэмших болсон. Мөн олон жил шүүхийн маргаантай байсан Багануурын хүрэн нүүрсний ордын 430 сая тонн нөөцтэй талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Асгатын мөнгөний ордыг өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, лабораторийн туршилт хийлгэх зорилгоор 20 тонн дээж авсан бол Салхитын мөнгөний ордоос олборлож, баяжуулж, цэвэршүүлсэн 500 кг мөнгөн гулдамайг Монголбанкны Эрдэнэсийн санд тушаагаад буй. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК, ”Эрдэнэс Силвер Ресурс” ХХК Монголбанктай Үнэт металл худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний дагуу таван жилийн хугацаанд 750 тонн мөнгөн гулдамайг тушаахаар болсон.  
“Эрдэнэс Монгол” ХХК ирээдүйд хөрөнгийн удирдлага хэрэгжүүлэгч холдинг компани болохоор зорьж буй. Энэ хүрээнд “Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийг байгуулж, Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК нь уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай урт хугацаат эх үүсвэрийг дотоод болон гадаадын зах зээл дээрээс босгох, санхүүжилтээ хянах, удирдах мэргэжлийн компанитай болсон. 
Эдгээрээс онцлон хүргэх нэг бүтээн байгуулалт нь Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцдаг. Энэ дагуу 2019 оноос Зам засвар, арчлалтын нэгж байгуулан өөрсдөө зам засварын ажлаа богино хугацаанд эдийн засгийн хэмнэлттэйгээр гүйцэтгэжээ. Тодруулбал, анх удаагаа 48.5 км замыг асфальтаар хучсан бөгөөд 4-5 см зузаан байсан авто зам 10-12 см болов. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 дахин их хэмжээ юм. Мөн зам дагуух тэмдэг тэмдэглэгээг сайжруулж, 2019 онд 300 тэмдэг, шаардлагатай газруудад 400 ширхэг дохионы шон суурилуулав. Ийнхүү зам завсар, арчлалтын ажлыг богино хугацаанд стандартын дагуу гүйцэтгэснээр осол аваарын тоо хэмжээ буурч өнгөрөгч 2019 онд 52-оор буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс гадна хүйтэн асфальтыг ашигладаг болсноор зам засвар, арчлалтын ажлыг жилийн дөрвөн улиралд гүйцэтгэдэг болов.
Түүнчлэн тээвэр хийж буй жолооч нарын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам дагуу “Тайван зогсоол” цогцолбор барьж буй бөгөөд энэхүү цогцолбор нь 2500 автомашин буюу 60 км урт дараалал хүлээн авах хүчин чадалтай юм. Энэхүү цогцолборт нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон улсын бүртгэлийн үйлчилгээ, лавлагааны ТҮЦ машин гээд төрийн бүхий л шаардлагатай үйлчилгээг төвлөрүүлэхээр зорьж байгаа нь Монголдоо анхдагч болж байгаа аж.  Энэ мэтээр тус компанийн амжилт, ололт, санаачилгыг дурдвал тэтгэврийн зээлийн хөрөнгийг босгоход нь итгэж болох уртаас урт жагсаалт гарах нь. Хамгийн гол нь тэд бонд босгох ажлын ард хэрхэн богино хугацаанд гарч чадах вэ гэдэг нь ойрын хугацааны сорилт болоод байна. Түүнээс хойших нь тус компанийн мэргэжлийн баг хамт, олны удирдлага дор эдийн засгийн эргэлтэд орсон дээрх томоохон төслүүдийн адил өрнөх биз ээ. 
Түүнчлэн Монголын томоохон зарим банкны эх сурвалж “Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой босгох гэж буй “Эрдэнэс” бонд гаргах ажилд бид хамтран ажиллахаа илэрхийлсэн. Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашигтай байж чадах нь баталгаатай учраас бонд босголцоход эргэлзэх зүйл байхгүй. Бонд ойрын хугацаанд гарах нь тодорхой болоод байгаа” хэмээж байлаа. Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК, ”Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эх сурвалжууд “Бонд босгох бэлтгэл ажил хангагдаж дууссан” гэлээ. 
Ташрамд дурдахад, Салхитын мөнгөний ордын эдийн засгийн үр ашгийн тооцоогоор нэг тонн алт, 800 тонн мөнгөний нөөцтэй энэ ордыг ашигласнаар 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олно гэжээ. Үүнээс 1.1 их наяд төгрөгийн татварын өмнөх ашиг гарах аж. Татвараа төлөөд үлдсэнээр нь тэтгэврийн зээлийг тэглэсэн бондын өрийг төлөхөөр тэд хэдийн төлөвлөжээ. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин