ИНЕГ-ААС БНСУ-ЫН T’WAY, JEJU AIR КОМПАНИУДАД СӨҮЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

A- A A+
ИНЕГ-ААС БНСУ-ЫН T’WAY, JEJU AIR КОМПАНИУДАД СӨҮЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас энэ оны зургадугаар сараас эхлэн манай улс руу шууд нислэг үйлдэх эрхийг Jeju Air болон T’way компаниудад олгосон. Өнөөдөр тус агаарын тээвэрлэгч компаниудад Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрлийн гэрчилгээг Монгол Улсын ИНЕГ-аас гардуулан өглөө.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан энэ үеэр “ИНЕГ-аас T’way,  Jeju Air компаниудад байцаагчдаа илгээж, нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шалгалтыг хийж дууссанаар өнөөдөр гэрчилгээ олголоо. Та бүхэнд хандаж хэлэхэд Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийн дагуу нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаандаа сайтар анхаарч, бизнесийн ёс зүйг баримталж ажиллаарай гэж хүсье. Манай зүгээс аюулгүй ажиллагааны хяналт, шалгалтаа байнга хийх болно” гэлээ.

T’way компанийн Ерөнхий захирал Жон Хун Гын “Бидэнд нислэгийн зөвшөөрөл олгосон Монгол Улсын ИНЕГ-т баярлалаа. Бид нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалдаа сайтар анхаарч, иргэдэд тав тухтай нислэг үйлдэх болно” гэв.

Мөн Jeju Air компанийн нислэгийн тийз борлуулалтын Монгол талын албан ёсны дистрибьютер Квон Ик Сон “Бид нэг нислэгээрээ 120-130 хүн тээвэрлэж байна. Өмнөх үетэй харьцуулахад тийзний үнэ 50 хувь хямд үнээр нислэг үйлдэнэ. Хөдөлмөр хамгаалалт, нислэгийн аюулгүй ажиллагаандаа маш сайн анхаарч ажиллана” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Сөүлийн чиглэлд БНСУ-ын талаас дөрвөн агаарын тээвэрлэгч, Монголын талаас хоёр агаарын тээвэрлэгч томилогдон нислэг үйлдэж байна. Нислэгийн давтамжийн хувьд T’way компани долоо хоногт гурван удаа, Jeju Air компани долоо хоногт дөрвөн удаагийн нислэг үйлдэх томилгоо авсан. Манай талаас “МИАТ” ТӨХК, “Аэромонголиа” ХХК нислэг үйлдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд гадаадын агаарын тээвэрлэгчдийн тоо болон нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх  зорилгоор ийнхүү БНСУ-ын хоёр агаарын тээвэрлэгч компанид манай улс руу нислэг үйлдэх зөвшөөрөл олгож байгаа юм.