Капитал банк ХХК банкны үйл ажиллагааны зохистой харьцааны зарим шалгуур үзүүлэлтээ хангахгүй болсон үеэс эхлэн тус банкийг албадан татан буулгасан үе буюу 2015 оны 10 дугаар сараас 2019 оны 4-р сар хүртэлх хугацаанд Монголбанкнаас зөрчил дутагдлыг арилгах, банкны засаглалыг сайжруулах талаар холбогдох хууль, журмын дагуу шат дараатай, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тухай бүр авч байв. Үүнд:
Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг өгөх;
Tоргууль ногдуулах;
Эрсдэлийн сан нэмж байгуулах;
Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэх;
Банкны эрхлэх үйл ажиллагааны зарим зөвшөөрлийг зогсоож, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг өгөх;
Банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;
ТУЗ болон Гүйцэтгэх захирлын цалин, урамшууллыг зогсоох;
Зээл төлүүлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байлгах;
Зарим хөрөнгийг худалдах, банкны нэгжийг татан буулгахыг шаардах;
Монголбанкны хянагч, тусгай төлөөлөгч томилох;
Шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ.
Үүний зэрэгцээ ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тус банкинд олон улсын стандартын дагуу активын чанарын үнэлгээг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэн, өөрийн хөрөнгийн дутагдлыг тогтоож, дутагдлыг арилгах хугацааг зааж өгч байв. Капитал банк болон бусад бүх арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг 2017 оны 8-р сараас эхлүүлж, 2018 оны 2 дугаар сард үр дүнгийн талаар мэдээлсэн бөгөөд тус үнэлгээгээр банкуудын зээлийн багцын чанарыг үнэлэхээс гадна тэдгээрийн үйл ажиллагааны бодлого, журам, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, барьцаа хөрөнгө, гуравдугаар түвшний хөрөнгө зэргийг үнэлэх ажиллагаа хийгдсэн болно. Түүнчлэн, банкууд өөрийн хөрөнгийн түвшинг 2021 он хүртэлх хугацаанд хангах талаар бизнес төлөвлөгөөг боловсруулан Монголбанкинд ирүүлэх нийтлэг шаардлагыг тавьж, санхүүгийн үзүүлэлтэд эрсдэлийн сорилын шинжилгээг хийх замаар өөрийн хөрөнгийн хүрэлцээний дутагдлыг тодорхойлсон болно. Капитал банк тус үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан тул 9 сарын хугацаатай үүрэг даалгаврыг Монголбанкнаас өгч, 2018 оны 12 дугаар сард багтаан бүрэн хангасан байх шаардлагыг тавьсан болно.
Капитал банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг хуганцаанд нь биелүүлж чадаагүйгээс гадна, Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай хуулийн дагуу авсан арга хэмжээний биелэлт хангагдаагүй, Банкны тухай хуулийн дагуу Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авах үндэслэлгүй байв. Тус банкны өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 0.5 хувь болсноор хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болж, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрч, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул дараагийн арга хэмжээг авах шаардлага үүссэн болно.
Иймд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, албадлагын арга хэмжээ авах”; 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад “Монголбанкны Ерөнхийлөгч Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах”; Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гаргасан үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно” гэснийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.
Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар ажиллаж байгаа бөгөөд харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны тухай хуульд зааснаар шийдвэрлэгдэнэ. 20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгох ба даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна. Харин 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхлэх бөгөөд мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэнэ.
Капитал банк нь банкны системийн 1.1 хувийг бүрдүүлдэг байсан бөгөөд системийн нөлөө бүхий банк биш тул эдийн засаг дахь санхүүгийн зуучлалд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Монголбанк үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг ханган ажиллаж байна.
[1] Банкны тухай хуулийн 48.1.Банк нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас дараахь арга хэмжээг авна:
48.1.1.зөрчил, дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх;
48.1.2.зөрчил, дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;
48.1.3.тогтворжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг тогтоосон түвшинд хүргэхийг даалгах;
48.1.4.банкны өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд нэмэгдүүлэхийг үүрэг болгох;
48.1.5.банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;
48.1.6.банкны удирдах албан тушаалтны урамшууллын тогтолцоо нь банкны өөрийн хөрөнгийн хангалттай байх түвшинд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк дүгнэсэн бол цалин, урамшууллыг хязгаарлах;
48.1.7.тодорхой үйл ажиллагаа явуулах, хэлцэл гүйлгээ хийхэд Монголбанкаас урьдчилан зөвшөөрөл авахаар тогтоох;
48.1.8.тухайн банкны нэг улирлын нийт активын дундаж хэмжээ нь өмнөх улирлын нийт активын дундаж хэмжээнээс хэтрэхгүй байх, эсхүл активыг төрөлжүүлэхийг даалгах;
48.1.9.хөрөнгө худалдан авах, банкны нэгж байгуулахыг хориглох;
48.1.10.банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх;
48.1.11.хөрөнгө худалдах, банкны нэгжийг татан буулгахыг шаардах;
48.1.12.банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэх, чөлөөлөх;
48.1.13.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, чөлөөлөх;
48.1.14.энэ хуулийн 48.1.1-48.1.13-т заасан арга хэмжээг банк биелүүлээгүй бол нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх;
48.1.15.нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах;
48.1.16.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ.
Монголбанк
2019 оны 4-р сарын 13